Зэс 10 мянган ам.доллараас давна

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Зэс 10 мянган ам.доллараас давна

Дэлхийн үнэт металлын зах зээл дээр зэсийн үнэ өдөр бүр шинэ амжилт тогтоосоор байна. Улсын төсвийн орлогод голлох үүрэг гүйцэтгэдэг энэ металлын үнэ 8000 ам.долларт хүрвэл манайхан магнайгаа хагартал баярладаг байсан нь саяхан. Тэгвэл одоо найм, ес бус, 10 мянган ам.доллараас давах нь нэгэнт тодорхой болоод байна. Хоёрхон долоо хоногийн өмнө 9250 ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байсан зэсийн үнэ өчигдөр гэхэд 9900 болчихож. Маргааш өглөө босоод ирэхэд 10, магадгүй 11 мянган ам.доллар болчихсон байхыг ч үгүйсгэх газаргүй.

Зэсийн үнэ олон улсын биржүүдэд харилцан адилгүй, бас бага зэрэг хэлбэлзэлтэй байгаа ч 9500 ам.доллараас доош орсон нь үгүй. Харин дээшээ улам зүтгэх нь ойлгомжтой. Яагаад гэвэл зэсийн “мангас” гэгдэх Чилийн “Сан Хосе” уурхай өнгөрсөн намрын ослоос болж олборлолт нь эрс муудаад байгаа билээ. Дэлхий нийтийн анхаарлыг татсан уг ослоос Чили улс маш том сургамж авсан учраас зэсийн бусад томоохон уурхайнууддаа ч аюулгүй байдал хангах арга хэмжээ авч байгаа аж. Өөрөөр хэлбэл, чиличүүд “Эхлээд аюулгүй байдал, дараа нь зах зээл, ашиг орлого” гэсэн зарчим баримтлах болжээ. Үүнээс үүдэн зэсийн гол хэрэглэгч орнуудад асар их эрэлт бий болж байна. Энэ бол зэсийн үнийг тэнгэрт гаргах үндсэн шалтгааны нэг нь. Харин дараагийн шалтгаан нь Хятадын эдийн засаг өсөхийн хэрээр эцсийн бүтээгдэхүүн, техник технологийн үйлдвэрлэл улам бүр хүчээ авч байна. Үүнийг дагаад нийлүүлэлтээсээ давсан эрэлт ноёрхох болсон. Олон улсын эдийн засгийн шинжээчид “Энэ онд Хятадын зэсийн эрэлт тогтмол өсөхийн зэрэгцээ нийлүүлэлтийн хомсдолд орох нь тодорхой” хэмээн онцолж байна. Түүнчлэн жилийн эцэс гэхэд нийлүүлэлтийн хомсдол 500 мянга орчим тоннд хүрэх магадлалтайг Олон улсын зэсийн судалгааны группийнхэн тэмдэглэжээ. Тиймээс үнийн өсөлт саарах болов уу гэж санаа зовох хэрэггүй гэсэн үг. Гэхдээ энэ таатай боломж монголчуудад хэр зэрэг хүртээлтэй вэ гэдэг нь сонин. Ямартай ч, зэсийн үнэ төсвийн орлогын төсөөлөлд тусгасан хэмжээнээс хол давсан гэдэг утгаараа бид энэ баяр хөөрийг хуваалцах нь тодорхой. Харин “Дэлхийд тэргүүлэх хэмжээний нөөц бүхий орд манайд байгаа. Зэсийн ирээдүй Монголоос хамаарна” гэж онгирох, том мөрөөдөх хараахан болоогүй. Учир нь тэрхүү мөрөөдлөө биелүүлж чадах эсэх нь олон хүчин зүйлээс шалтгаалаад эргэлзээтэй болчихсон. Зэсийн үнэ ийнхүү тасралтгүй өсч байгаад “Айвенхоу Майнз”-ынхан л хагартлаа баярлаж байна. Гэхдээ ямар ч баялаг барагдаж дуусдаг учраас шинээр том үүц задлах гэж байгаа бидний гоё мөрөөдөл бага хэмжээгээр ч болов биелж л таараа. Яагаад гэвэл жил ирэх бүр зэс үнэ цэнээ алдахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо.     

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж