Хаасан шалтгаан зөрж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Хаасан шалтгаан зөрж эхлэв

УИХ-ын Дэгийн тухай хуулиар байнгын хорооны хуралдааныг хаалттай хийхээр болсон шалтгаанаа УИХ-ын удирдлага янз бүрээр тайлбарлаж эхлэв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг гишүүд телевизийн камер харахаараа хэлэлцэж байгаа үндсэн асуудлаасаа гажиж хамаа намаагүй ярьж популизм хийдэг тул хийгүй шударга хууль гаргахын төлөө хуралдааныг хаалттай болгосон хэмээсэн.
Гэтэл УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн хэлснээр бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой аж. УИХ-ын даргыг Энэтхэгт айлчилж байхад Монголын парламентын суваг телевизээр шууд гарч байсан гэнэ. Тэндээс санаа авч байнгын хороодын хуралддааныг хаахгүй бол хамаг мэдээлэл гадагш цацагдаж байна гэж үзсэн хэмээн Г.Батхүү дарга ярилаа. “Ялангуяа уул уурхай, стратегийн ордууд, түүний ашиглалт, гадаад дотоодын компаниудын тендэр, гэрээ зэргийг ид хэлэлцэж байхад хуралдаан хаалттай байхгүй бол хамаг мэдээлэл ямар ч хаалтгүй гадагш урсч байгааг ойлголоо” хэмээн Г.Батхүү  дарга нэмж тодотгоно лээ.
Ийнхүү хуралдааныг хаах болсон шалтгааныг янз бүрээр тайлбарлаж эхэллээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж