Моцартад дуртай хүмүүс олсондоо баяртай байна

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Моцартад дуртай хүмүүс олсондоо баяртай байна

Суут хөгжмийн зохиолч В. А. Моцартын “Увидаст лимбэ” дуурийн хөгжмийг удирдахаар герман удирдаач Феликс Рейманн Монголд иржээ. Өнгөрсөн даваа гаригийн үдийн нэг цагт  онгоцноос буусан эрхэм маэстро гурван цаг гэхэд хэдийн дуурийн театрт тоглолтын бэлтгэлдээ орсон байв. Маэстро ирсэн эхний өдрөө л Монголын оркестр хэрхэн дуугарахыг сонсохоор шийдсэн аж. Үзэгчдийн танхим хоосон, харин хөгжимчдийн “яам”-наас ирэх бямба гаригт тоглох “Шидэт лимбэ”-ний аялгуу сонсогдоно. Хэдийгээр оркестр маэстротой герман, англи хэлээр төвөггүй ойлголцож байсан ч хэлнээс илүү хөгжим хамгийн их нөлөөлж байх шиг санагдсан. Тэрбээр “Моцарт, хөгжим бол хэн ч сонссон ойлгохоор байх ёстой гэсэн байдаг.  Яг л шувуу жиргэж, салхи исгэрч, хүний хайрлаж дурлаж байгаа нь төсөөлөгдөх учиртай гэсэн юм” хэмээн ярьж байв. Тоглолтын бэлтгэлийн дараа бид маэстротой хэдэн хором уулзсан юм.

-Монголд тавтай морил маэстро. Аялал ямар байв?
-Онгоц газардахад түгшиж л байлаа. Аялал маань жаахан хүнд байсан. Харин одоо энд байгаадаа баяртай байна.

-Цагийн зөрүүгээ гаргаагүй байгаа биз дээ?
-Тиймээ. Аймшигтай ядарч байна. Дөнгөж сая оркестртой эхний  бэлтгэлээ  хийж дууслаа. Одоо дуучидтайгаа уулзана даа.

-Онгоцноос буугаад л бэлтгэлдээ орсон уу?
-Тиймээ. Цаг маш давчуу. Бидэнд ердөө долоо хоногийн л хугацаа байгаа. Бямба гаригт тоглоод маргааш нь нутаг буцна.

-Монголын цаг агаар таны төсөөлж байснаас хүйтэн байна уу?
-Үгүй. Харин ч төсөөлж байснаас дулаавтар юм. Германд ч ялгаагүй хүйтэн л дээ. Гэхдээ эндэхээс илүү чийглэг байдаг. Энд цаг агаар нь хуурай, арай өөр хүйтэн газар юм.

-Хэдэн өдөр бэлтгэл хийх вэ?
-Бид  тоглолт болтол өдөр бүр бэлтгэлтэй. Харин  баасан гаригт оркестр дуучидтай хамтарсан бэлтгэл хийнэ.

-Та Монголын дуурийн театрын урилгыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Өнгөрсөн зун би Германд хэдэн монгол уран бүтээлчидтэй таарсан юм. Тэд Моцартын хөгжимтэй маш чадварлаг дуулж байсан. Тэр үед Монголд ирж монгол уран бүтээлчидтэй хамтран Моцартын бүтээлээс тоглох санаа төрсөн. Бид Моцартын хөгжимд их дуртай. Германд Амадейн нэрэмжит маш алдартай оркестр бий. Бид ирэх хоёр жилийн хугацаанд герман, монгол хөгжимчдөөс оркестр бүрдүүлж Моцартын бүтээлээс тоглохоор төлөвлөж байгаа юм. Моцартын хөгжмийн ачаар барууны хөгжмийн соёл алс холын дорнын соёлтой уулзах түүхэн үйл явдал болох биз ээ.

-Яагаад “Увидаст лимбэ”-ийг тоглохоор сонгосон юм бэ?
-Бид энэ театрт тавьсан дуурийн тоглолтын бичлэгийг үзээд “Увидаст лимбэ”-ийн тайз засал, болон оркестрын ур чадварыг үнэхээр гайхсан шүү. 

-Монголын оркестрт ямар үнэлгээ өгөх гэж байна?
-Хөгжимчид нь бүгд “үзүүлээд өгцгөөе” гэдэг хүмүүс юм. Маш чадварлаг. Бас  нэг зүйл нь монголын оркестрын хөгжмийн тавилт барууныхаас арай өөр. Хөгжмийн соёлд нь Оросын нөлөө байгааг анзаарлаа. Гол ялгаа нь барууны хөгжмийн соёл арай эрт үед бий болсон. Өөрөөр хэлбэл,  баруунд анх Моцарт л ингэж тоглож байсан болов уу гэмээр язгуур аялгууг байнга эрэлхийлж байдаг. Мөн хуучны болон  шинэ үеийн хөгжмийн зэмсгийн дуугаралт ч ондоо. Өнөөдөр тоглолтын бэлтгэлээс монгол хөгжимчид Моцартыг арай өөрөөр сонссон байх. Дуучдад ч энэ нь арай хялбар байх болно.

-Монголын оркестр орос арга барилтай байна гэж үү?
-Ингэж хэлбэл хэтэрхий хялбарчилсан ойлголт болно. Оркестрын хөгжим зарим хэсэгт маш чанга, эрч хүчтэй, хурдан байхыг та анзаарав уу? Яг л бид ингэж маш хурдтай тоглодог гэж байгаа юм шиг. Гэхдээ хөгжимд ялангуяа Моцартын хөгжим хурдан тоглохдоо биш үзэгчид  хурдан хүлээж авах нь чухал байдаг. Гэхдээ үүнд буруу юм байхгүй. Чадварлаг байх нь л чухал.

-Шинэ жилийн өмнөхөн  театрынхан “ Цөмөөхэй”  балетыг тавьсан. Бараг л ийм уламжлал тогтсон. Харин Германд зул сар, шинэ жилээр голдуу ямар дуурь балет тавьдаг вэ?
-Голдуу Моцартын бүтээлээс тоглодог. “Цөмөөхэй”, “Hanzel and Gretel”-ийг тавьдаг уламжлалтай. 

-Та “Увидаст лимбэ”-ийн хөгжмийг мэдээж хэдэн арван удаа удаа удирдаж байсан байх?
-“Увидаст лимбэ” миний хувьд их онцгой дуурь л даа. Оюутан байхдаа анх энэ дуурийг хүүхдүүдэд зориулан тавьсан. Зальцбургийн фестивалийн үеэр “Увидаст лимбэ”-ийг би телевизийн нэвтрүүлгээр үзээд багшдаа “Би энэ дуурийг тавья. Би өөрөө Папагенод дуулна” гэхэд тэр тэгвэл өөрөө найруулаад үз л дээ гэсэн юм. Тэгээд найруулсан даа. Хөгжим нь Моцартынх хэвээр боловч хүүхдүүдэд зориулан бага зэрэг хялбарчлан найруулсан. Би хүн санаачлагатай идэвхитэй байх нь чухал гэж боддог. Удирдаач хүний хувьд би бусадтай туршлагаа хуваалцах дуртай. Би алс холын Монгол орноос  Моцартад дуртай хүмүүс олсондоо их баяртай байгаа. Үнэндээ би тоглолтоос илүү эхний бэлтгэл ямар байх бол гэдгээс л их айж байсан. Харин  одоо айдгаа ардаа хийлээ. Долоо хоногийн дараа бэлтгэлийн үеийн хөгжилтэй агшнуудыг дурсаж байх биз ээ.

-Би “Увидаст  лимбэ”-ийг нэг л удаа үзсэн. Гэхдээ хошин үзэгдэл, харилцан яриа, хөгжим нь их сонирхолтой санагдсан?
-Урлагийн өндөр боловсролтой хүмүүс  “Увидаст лимбэ”-ийг  логик санаагүй, галзуу гоё дуурь гэдэг. Шөнийн хатан  эхэндээ маш сайн хүн мэт дүрслэгдэж байснаа гэнэт хорон санаатан болж хувираад л. Германы нэг алдартай удирдаач энэ дуурийн гол санаа эцэг эх хоёр нь салсан охины тухай юм шиг гэж их сонирхолтой тайлбарласан байдаг. Тэд охинд нэг л зүйлийг өөр өөрөөр тайлбарладаг. Гэвч энэ дуурьт найман настай балчираас, наян настай хөгшид ч дуртай байдаг юм.

-“Увидаст лимбэ” дуурийн харилцан яриа монгол хэл дээр байх уу?
-Тиймээ. Харин дуучид герман хэлээр дуулна. Бид  дуучдын герман хэлний аксент дээр нэлээд ажиллах байх.  Яагаад гэвэл Моцартын хөгжимд үг маш чухал. Тэрээр өөрийнх нь хөгжим үгийн зарц байх ёстой гэсэн юм. Герман хэл их өвөрмөц сонсголонтой. Үүнийг Моцарт хөгжимтэй гайхалтай хослуулж чадсан юм. Жишээлбэл “Увидаст лимбэ”-ийн Тамино “ Туслаарай, туслаарай” гэж хашгирч байхад хөгжим ч бас тэгж хашгирч байгаа мэт сонсогдох ёстой.

-Та өөрөө Монголд юу үзэхээр төлөвлөж байгаа вэ?
-Занабазарын музейг үзэх бодолтой байна. Бас сайн ноолууран хувцас худалдаж авна.

-Та Монголд урьд нь ирж байсан хүн. Монгол хоол ямар санагдсан бэ?
-Бид хөдөөгүүр аялж, махан хоол идсэн. Би ч бас та нараас дутахгүй маханд дуртай хүн л дээ. Монгол шар айраг сайхан амттай, бас аюултай юм байна лээ. (инээв)

-Цаг гаргасанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж