Парламент хаалттай байх ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Парламент хаалттай байх ёстой юу?

УИХ-ын дэгийн тухай хуулийн Байнгын хорооны хуралдаанд сэтгүүлчдийг биечлэн оролцуулахгүй байх зохицуулалтын талаар ямар байр суурьтай байгаа талаар, хэрэв энэ зүйл заалтайд Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсан тохиолдолд дэмжих эсэх талаар УИХ-ын гишүүдээс тодрууллаа.

Д.ОЧИРБАТ: БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН СЭТГҮҮЛЧДЭД НЭЭЛТТЭЙ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ

-Телевизийн камер байхгүй үед ажил ярьдаг, камер байхад ажил цалгарддаг зүйл уг нь байхгүй л дээ. Шоуддаг гэдэг асуудал дээр би санал нийлэхгүй байгаа. Ер нь Байнгын хороо, ажлын хэсгийн хурал дээр үйл явц өрнөж буй, бодит амьдрал ярилцаж буй үед сэтгүүлчид байх шаардлагатай. Байнгын хорооны хурал дээр аливаа асуудлыг гүнд нь орж хэлэлцдэг. Тэр үед нь сэтгүүлчид байж, үнэн зөв, баталгаатай мэдээллийг авах хэрэгтэй. Тэр олон хуулийн талаарх мэдээллийг зөвхөн нээлттэй чуулганы хуралдаанаас авч, цааш нь баяжуулж хэвлэл мэдээллээр нийтлэхэд төвөгтэй. Үүнээс болж үл ойлголцол гарах эрсдэлтэй. Тиймд Байнгын хорооны хуралдаан сэтгүүлчдэд нээлттэй байх нь зүйтэй. Хориг тавих тухай асуудлыг албан ёсоор тавиагүй байгаа болохоор би одоогоор яг хариулт хэлэхгүй. Тухайн асуудлыг тухайн үед нь шийдвэрлэх хэрэгтэй.

С.ЭРДЭНЭ:  ИЙМ ХУУЛЬ БАТЛАГДСАНД ХАРАМСАЖ БАЙНА

-УИХ-ын дэгийн тухай хууль батлагдсанаар байнгын хорооны хуралдааныг хаалттай болгосны  зэрэгцээ УИХ-ын гишүүний үг хэлэх, байр сууриа илэрхийлэхэд хариуцлага тооцохоор болж байгаа. Энэ асуудлыг хэлэлцэх шатанд ажлын хэсэгт би байгаагүй. Хуулийн төслийг батлах үед бас байгаагүй, тодорхой шалтгааны улмаас. Ийм хууль батлагдсанд үнэхээр харамсч байна. Үүнийг тодорхой хэсэг гишүүд санаачилсан. Чухам ямар зорилгоор ийм хууль боловсруулах болсон юм, яагаад заавал парламентын нээлттэй зарчмыг хаалттай болгохыг зорьсон юм. Ер нь парламентын үйл ажиллагааг яагаад олон нийтэд нээлттэй байлгаж болохгүй гэж үзсэн юм гээд хариулт нэхсэн олон асуултууд бий. Сүүлийн үед парламентын нэр хүнд их унах болсон. Парламент өөрөө үйл ажиллагаа явуулах чадваргүй байгаа, түүнийгээ олон нийтээс нуух, хаалттай хаалганы цаана шийдвэрээ нууцаар гаргадаг хэлбэрт шилжих гэсэн тодорхой хүсэл сонирхолтой хүмүүсийн хийсэн хууль гэж харж байгаа. Нөгөө талаас УИХ-ын гишүүнд хариуцлага тооцохдоо үг хэлэх эрхийг хасах, сануулах гэдэг нь  Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа асуудал. УИХ-ын гишүүн өөрийнхөө байр суурийг илэрхийлсний төлөө ямар нэгэн сануулга авч, хариуцлага тооцуулах нь байж болохгүй асуудал. Байнгын хорооны хурал нээлттэй байхаар гишүүд камерын өмнө улстөрийн жүжиг тавьдаг гэж, зарим нэг хүн ярьсан байсан. Жүжиг тавина уу, үзэл бодлоо илэрхийлнэ үү, гишүүний бүрэн эрхийн асуудал. Хоёр намын бүлгийн дарга долоо хоног бүрийн даваа гаригт бүлгийн хуралдаанаар мэдээлэл хийж, юу санаснаа ярьдаг. Гэтэл УИХ-ын гишүүн байнгын хорооны хуралдаанд үзэл бодлоо нээлттэй илэрхийлж байхад хуралдаан хаалттай байх ёстой юм. Яагаад хоёр бүлгийн дарга байнгын хорооны хуралдааныг хаах сонирхолтой байгаа юм. Өөрсдөө мэдээллийн хэрэгслээр  ярьдагаа больчих хэрэгтэй ш дээ, ялангуяа Ч.Сайханбилэг. Хэн нь давуу эрх эдлээд, хэн нь хуулиар олгодсон бүрэн эрхээ хязгаарлуулж байх ёстой юм, энэ бол байж боломгүй асуудал.

Д.БАЛДАН-ОЧИР: ШИЙДЛЭЭ ОЛООГҮЙ ХУУЛЬ

-Би хуулийн төслийг хэлэлцэхэд, баталж байх үед ч оролцоогүй. Хувийн байр суурь бол улсын үндэсний аюулгүй байдал, улсын нууцтай холбоотой сэдэв биш бол хуралдааныг хаах нь буруу гэж үздэг, үүнийгээ ч илэрхийлж ирсэн. УИХ өөрийнхөө бодлогыг үнэн мөнөөр нь хүргэе гэвэл хуулийн төсөл өргөн барихаас эхлээд,  хүчин төгөлдөр мөрдөгдөх хүртэлх процессыг олон нийтэд дөрөв дэх засаглалаар дамжуулан хүргэх ёстой.  Би юу бодож байсан бэ гэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд жүжиг тавьдаг,  дэвдэг дэлдэг, шоуддаг, PR хийдгийг болиулахын тулд хоёр намын бүлгээс тус бүр таван гишүүн тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зүйлээр саналаа хэлж, асуулт асуудаг байхаар зохицуулж өгөөд, байнгын хороо нээлттэй байх нь зүйтэй юм аа гэж үзэж байсан. Яагаад гэвэл байнгын хороо мэргэжлийнх учраас.Ер нь ч Монголын нийгэмд шийдлээ хүлээсэн шилээ дарсан маш олон хууль эрх зүйн асуудал хүлээгдэж байхад заавал үүнийг шүүрэн авч баталсан нь шийдлээ олоогүй, олигтой хууль болоогүй юм шүү дээ.

З.ЭНХБОЛД: ХУУЛЬД ИЙМ ЗААЛТ БАЙСАН ЭСЭХИЙГ САНАХГҮЙ БАЙНА

Би хуульд ийм заалт байсан эсэхийг санахгүй байна. Өөрт хамааралгүй зүйлийг сонирхдоггүй. Одоо нэгэнт хууль гарсан бол хуулиа мөрдөх л хэрэгтэй шүү дээ.

С.ОЮУН: ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИВАЛ БИ ХҮЛЭЭЖ АВНА

Яагаад ийм санал оруулсныг нь ойлгоод, зарчмыг нь уг дэмжиж байгаа. Байнгын хорооны хурал дээр сэтгүүлчдийг хараад ажил хэрэгч биш, популист, олон нийтэд таалагдах зүйл их ярих гээд байдаг. Иймд энэ хурлыг ажил хэрэгч байлгах, хаалттай байлгах тухай саналыг зарим гишүүд гаргасан. Зарчмын хувьд зүйтэй.
Гэхдээ нөгөөтэйгүүр Байнгын хорооны хурлыг харвал сэтгүүлчид байсан ч, байгаагүй ч нэг их ялгаа байхгүй. Сэтгүүлчид байхгүй байснаар нэг их ажил хэрэгч, бүтээлч саналууд оруулж мундаг ажиллаад байх зүйл байхгүй. Нээлттэй хаалттай байх нь тэгэхээр ялгаагүй болж байна. Ерөнхийлөгч хориг тавивал би хүлээж авна.

Х.ТЭМҮҮЖИН: НААД ЗҮЙЛ ЗААЛТЫГ ЧИНЬ ЁСТОЙ МЭДЭЭГҮЙ ЮМ БАЙНА

Дэгийн хуулийг бол би дэмжсэн шүү дээ. Гэхдээ наад зүйл заалтыг чинь ёстой мэдээгүй юм байна.
Миний өргөн барьсан хууль дээр тийм зүйл байхгүй, тэс өөр хууль явж байгаа. Энэ заалт сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх, парламент нээлттэй байх зарчмыг зөрчсөн зүйл.
Бусад орны парламентад бол камер авч орохыг л хязгаарладаг, сэтгүүлчдэд бол тусгайлсан суудлыг нь бэлддэг.

С.БЯМБАЦОГТ: ХУУЛИЙГ ДЭМЖИХГҮЙ БАЙГАА

-Энэ асуудлыг баталж байхад байгаагүй. Төр засгийн бодлого шийдвэр шат шатандаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжиж, ард түмэнд хүрдэг. Одоо байнгын хорооны хуралдаанд суухгүй болохоор хуулийн үзэл баримтлал, агуулгыг хэрхэн олон нийтэд хүргэх, ард түмэнд аль нь хэрэгтэй вэ гэдгийг ойлгож, төр ард түмнийг холбох энэ үүргээ биелүүлэхэд учир дутагдалтай болж байгаа. Энэ үүднээс дэмжихгүй байгаа. Хоёрдугаарт, байнгын хорооны хуралдаан нээлттэй байх үед гишүүдийн ирц бүрдэхгүй удаж бүрддэг. Одоо хаалттай болохоор ирц яаж бүрдэх вэ гэдэг асуудал бас бий.

Ц.ДАВААСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИВАЛ БИ ХУВЬДАА ДЭМЖИНЭ

Би энэ асуудлыг хэлэлцэхэд оролцоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ хуралдаанд сэтгүүлчийг биечлэн оруулахгүй байх зохицуулалтыг буруу гэж бодож байна.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор орсон байх учиртай. Би тухайн Байнгын хорооны хуралдаанд ороогүй. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болж сонгогдсон. Төрд ард түмний хүсэл зоригийг илэрхийлж байх ёстой. Тиймээс олон нийт тухайн гишүүнээ ард түмний хүсэл зоригийг илэрхийлж байгаа эсэхийг харж байх хэрэгтэй. Ард түмэн нээлттэй харж байх ёстой биз дээ. Ард түмэн өөрийн төлөөллөө хэрэгжүүлж байгааг тэгэхээр харах боломжгүй болох гээд байна.
Ерөнхийлөгч хориг тавивал би хувьдаа дэмжинэ.

Д.ЭНХБАТ: ПАРЛАМЕНТ АЖИЛЛАХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүд хоёр зүйл яриад байгаа. Нэгд папарацид өртөөд байна. Фото зурагчид гишүүдийн элдэв янзын зураг дардаг. Энэ зураг нь шар сонинуудад гардаг. Тиймээс папарациудыг Төрийн ордонд ажиллуулахгүй байх хэрэгтэй гэж… Хоёрт парламентын сэтгүүлч хүн юу бичих эсэхээ мэддэг байх ёстой.
Бичиж болохгүй нууц асуудлыг сонсож болно түүнийгээ мэдээлж болохгүй гэдэг. Миний санаа бол байнгын хороо болон бусад хуралдаанд сэтгүүлчдийг үзэг, цаастай орохыг л зөвшөөрөх. Харин хуралдаанд камер болон дуу бичлэгийн хэрэгсэл авч орохыг хориглох хэрэгтэй.
Тиймээс сэтгүүлчид үүнийгээ улс төрчидтэй тохирох хэрэгтэй. Гэхдээ би байнгын хороо хаалттай болсныг дэмжихгүй байгаа,  харин замбараатай болгох гэдэг өнцгөөр асуудалд хандаж байгаа. Парламент ажиллах ёстой болохоос биш намын бүлэг ажиллах ёсгүй л гэж хэлэх гэсэн юм.

Б.Мандах, Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж