Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд сэжигтнийг эрүүдэн шүүсэн, хорих ангид хоригдол гадны нөлөөтэй нас барсан тохиолдол олонтаа гарч байв. Иргэдийн зүгээс ч мөрдөн байцаагч мэдүүлгийг хууль зөрчиж авсан, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх өргөдөл гомдол тасардаггүй. Хууль хяналтынхны дарамт шахалт, сүрдүүлгээс иргэн хүн их, бага хэмжээгээр хохирлоо гэхэд тэдэнд хүлээлгэх хариуцлага тодорхойгүй нотлох баримт ч олдохгүй. Үүнийг батлах мэт Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагчид, цагдаа нартай холбоотой гомдол нийт гомдлын 80 орчим хувийг эзлэх болжээ. Дээр нь эрүүдэн шүүлгэсэн хүмүүс хуулиа мэдлэггүйгээсээ болоод эрүүдэн шүүснийг нотлох баримт буюу учирсан хохирлоо ул мөргүй эдгэрсэн хойно ханддаг нь энэ хэргийг бүр ч өөхшүүлдэг гэхэд хилсдүүлэг болохгүй.
Цагдаа, хууль хяналтынхан хүний эрхийг ноцтой зөрчдөг болох нь 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон иргэдээс байцаалт авсан, эрүүдэн шүүсэн байдлаас тод харагдана. Тухайлбал 2009 оны арванхоёрдугаар сард “Долдугаар сарын 1-нд юу болсон, Хүний эрх хэрхэн зөрчигдсөн талаар нээлттэй сонсгол болов. Уг сонсголд оролцсон хохирогчид Дэнжийн мянгын урьдчилан саатуулах төвд 716 хүн хорьсны дотор 26 хүүхэд, 21 эмэгтэй байв. Түүнчлэн бичиг баримтгүй, онц байдал тогтоосон бүсээс өөр газар явж байсан хүмүүсийг олон өдөр хорьж, гадаа халуун нар, хүйтэн бороонд галуун цуваагаар суулгаж байцаалт авсан тухай илтгэлд дурджээ. Баривчлах явцад, албадан саатуулах байранд хоригдох үед цагдаа нар хэрхэн хэрцгийлэн зодож, цус нөжтэй нь хутгаж, насанд хүрээгүй хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж байсан тухай ч гэрчүүд дэлгэрэнгүй ярьжээ. “Та нарыг овоолж байгаад буудна” гэх заналхийлэл 1937 оны хэлмэгдүүлэлт ийм байсан болов уу гэх бодол төрснөө ч нуугаагүй юм.
Монголын хүний эрхийн комисс долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон олон иргэнийг эрүүдэн шүүсэн гэдгийг тэд судалгаагаар тогтоож Монгол Улсын хууль хяналтынхан бусдыг эрүүдэн шүүж хууль зөрчиж буйг анхааруулж байна. Тухайлбал ХЭҮК нөхцөл байдлыг тодруулахаар долдугаар сарын 1-нд ял шийтгүүлсэн зуун иргэнээс санал асуулга авахад 88 хувь нь баривчлах, байцаах явцад зодож, хүч хэрэглэн дарамталсан гэж хариулжээ. Гэтэл нэг цаг мөчид сонсголд оролцсон цагдаагийнхан “иргэдийг эрүүдэн шүүх байтугай хуруугаа ч хүргээгүй” хэмээн өгүүлж байв. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Амарзаяа “Гүндалай гишүүн очоод зодуулсан, цохиулсан, эрх нь зөрчигдсөн хүн байна уу гэж асуухад “байхгүй” гэж бүгд хариулсан. Энэ талаар гомдол санал ч ирээгүй” гэсэн бол БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Ядамдорж “Манай цагдаагийн хэлтсийн гадаа багахан үймээн болсон. Дотор ажиллаж байсан цагдаа нартаа хүн зодож болохгүй гэх үүрэг өгсөн. Харин гадаа ажилласан 70-аад цагдаа харанхуй гудамжинд ганц хоёр цохисныг үгүйсгэхгүй” гэжээ. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Олон хүн гэмт хэрэгтэн болж ял сонссон ч үймээнд оролцсон иргэдийг эрүүдэн шүүсэн гэх нотлох баримт байхгүй учир цагдаагийнхан ямар ч хариуцлага хүлээгээгүй.
Тэгэхээр хүний эрхийг дээдлэх, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хүчээр хэрэг хүлээлгэхээс сэргийлэх, эрүүл мэнд амь насаараа хохирохгүй байх гарц юу вэ. Мөрдөн байцаагчийн ёс зүй, хариуцлагын тухай дүрэм журам батлахаад, хоригдол ямар шалтгаанаар нас барсан талаар шүүх эмнэлгийн дүгнэлтийг нарийвчлан гаргаад эрүү шүүлт “онилох” уу. Үр дүн муутайхан сонсогдож байгаа биз. Дүрэм, ёс зүй байтугай хууль батлаад ч гууль болсон цагт энэ хэр оновчтой буудлага болох вэ. Мэдээж байгаа онохгүй байж бас сум үрсэн болно.
Тэгвэл цагдаагийн мөрдөн байцаагч, харгалзагч, эрүүлэгчдийг камераар хяная гэвэл ямар сонсогдож байна. Хэрэгждэггүй мянган дүрэм батлахын оронд хорих анги, цагдан хорих төв, таниулах өрөө, эрүүлжүүлэх байр, мөрдөн байцаагчдын өрөөг бүхэлд нь камерын хяналтад авах нь үр дүнтэй санагдана. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг камераар хянаж болоод байхад дээрх ажлыг хэрэгжүүлэх боломж баймаар.
Иргэнээ эрүүдэн шүүж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг “хүмүүнлэг, ардчилсан” орон гэж байх уу. Цагдан хорих төв, байцаалт мэдүүлэг авах, таниулах өрөөг камержуулах, бичлэгийг нотлох баримт болгодог системд нэн даруй шилжихгүй бол эрүүдэн шүүх, дарамтлах, хилс хэрэг хүлээлгэх хууль бус үйлдэл бугшсаар л байх бус уу.
С.Отгон