Мансуурсан хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгээгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Мансуурсан хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгээгүй

Сүүлийн үед бага насны хүүхдүүд мансуурсан талаархи мэдээлэл сонин хэвлэлээр олонтаа гарах болсон. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн зочид буудалд 15-16 насны охид мансуурсан байсныг цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүд мансуурсан тохиодол цөөнгүй бүртгэгдэх боллоо. Яг хар тамхи мансууруулах бодис хэрэглэснээс эрүүгийн хэрэгт татагдсан насанд хүрээгүй хүүхэд бий юу?
-Өнгөрсөн 2010 онд Баянгол, Налайх, Баянзүрх зэрэг дүүрэгт  хүүхдүүд мансуурсан тохиолдол арав гаруй удаа бүртэгдсэн. Эдгээр хүүхдүүд  газ, цавуу, бусад химийн бодис үнэрлэж мансуурсан болох нь тогтоогдсон.  Химийн бодис нь хүүхдийн сэтгэцэд тодорхой хэмжээнд нөлөөлж түр зуурын мансуурал  үүсгэдэг. Гэхдээ дээрх байдлаар мансуурсан хүүхдэд эрүүгийн хэрэг үүсгэх эрхзүйн үндэслэл байхгүй.   Өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүхэд  хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж эрүүгийн хэрэгт татагдсан тохиолдол нэг ч бүртэгдээгүй.
-Өнгөрсөн арванхоёрдугаар сард мансуурч цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан охид ямар төрлийн бодисонд мансуурсныг  тогтоосон уу?
-Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пикассо” зочид буудалд 15-16 насны  охид мансуурсан байсныг цагдаагийн ажилтнууд саатуулсан. Тэдгээр охидын цуснаас Шүүхийн шинжилгээний төв шинжилгээ авсан боловч дүгнэлт нь гарах боломжгүй гэсэн байна лээ. Учир нь охидоос шинжилгээнд авсан цусны хэмжээ нь лабораторт шинжлэхэд багадсан гэсэн.
-Насанд хүрээгүй хүүхэд мансуурч нас барсан тохиолдол ч  гарсан. Бага насны хүүх­дүүдийг мансуурахаас урьдчилан сэр­­гийлэх талаар ямар ажил хийж байна вэ?
-Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн арваннэгдүгээр сард 14 настай хүүхэд хийн түлш үнэртэж амь насаа алдсан тохиолдол бий. Мөн Баянзүрх дүүргийн  зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрны подвалд  13-14 насны  таван хүүхэд 250 граммын   савтай ягаан өнгийн мансууруулах төрлийн  бодис үнэртэж  байгаад  хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт саатуулагдсан.  Дээрх хүүхдүүд тус дүүргийн 111-р сургуулийн сурагчид байсан юм.  Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 15-нд  Налайх дүүргийн хоёрдугаар хорооны 52-р байрны нэгдүгээр орцны давхарт 15 настай О нарын дөрвөн эрэгтэй хүүхэд 0,5 литрийн савалгаатай ахуйн хэрэглээний хийг гялгар уутанд хийж мансуурч байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Бага насны хүүхдийг мансуурч байна гэж олон нийтэд мэдээлэх нь гол биш, цагдаагийн байгууллага, сургууль, асран хамгаалагчид хамтарч хүүхдүүд мансуурахаас урьдчилан сэргийлэхэд анхаарах  хэрэгтэй.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж