Ерөнхийлөгчийн өмнө сөхрөхөд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн өмнө сөхрөхөд бэлэн гэв

Балчир охиноо бусдын гарт харамсалтайгаар алдсан Ц.Гончиг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт хүргүүлж буйгаа дуулгалаа. Түүний Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.  
Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэм Ц.Элбэгдорж оо, миний монголын ард иргэ­дээ Газар дээрх  ганц охиноо бусдын гарт ха­рамсалтайгаар алдсан өвгөн би дахин та бүхэндээ хандаж байна. Миний бие төрсөн ганц охинооо алдаад гурван өвөл, хавар,  зун, гурван шинэ жилийг үдлээ.  
Энэ хугацаанд цагдаа, прокурорын бай­гууллагын үүд хаалгыг сахиж, уйлж дуулж явсан минь үнэн. Гэхдээ энэ аймшигт хэргийг үйлдсэн этгээдүүд одоо болтол ялаа эдлээгүй байна.
Охины минь амийг хороосон хэрэгт сэжиглэгдэж  байгаа залуус, тэдний эцэг эх хүн алах нь зөв юм шиг зан ааш гаргах боллоо. Үхсэн хүн үг хэлдэггүй учраас 14 настайдаа амиа алдсан жаахан охиныг минь дайрч, давшилсан байдлаар хандах нь хэрээс хэтэрч байна.  Энэ хүмүүс элдэв арга заль зохиож энэ хэргийг шүүхээс шийдүүлэхээс зайлсхийж, цаг хугацаа хожиж байна. Өнгөрсөн хугацаанд би хуулийн байгууллагуудын үүдийг сахиж, өглөөний 09 цагаас оройн 18 цаг 30 минут хүртэл зогсож үзлээ.
Ингэж ажилчдынх нь цагийг нүдээр бүртгэж зогсохдоо миний ганц ухаарсан зүйл бол хохирогч хүн бол хохироод дуусдаг юм байна. Харин хохироосон нэгэнд хүний эрх үйлчилдэг юм байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та ард түмэнтэйгээ амь нэгтэй байна гэж дуугарч туслаач. Алуулсан хүнийг доромжилдог, алсан этгээдүүдэд хууль үйлчилдэггүй ийм нийгэмд бид амьдарч байна.  
Энэ бүхний учир зангилааг тайлж, охин үрээ алдсан бидэнтэй ядаж нэг удаа уулзаж, бидний үгийг сонсооч гэж Ерөнхийлөгч таны өмнө сөхрөхөд би бэлэн байна.  Ард иргэдээ та бүхэн миний оронд өөрсдийгөө тавиад үзээрэй. Миний охины аминд хүрсэн хүмүүс байсаар байтал, хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдоод байхад хууль хяналтын байгууллага яагаад гурван жил өнжүүлж байна вэ?
Энэ бол зөвхөн  надад тохиолдсон зовлон биш миний улс орон эмгэнэлтэй байгаагийн илрэл. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та өршөөлийн хуулиа эргэж нэг хараарай. Цаазаар авах ялыг болиулсан үйлдэлдээ дүн шинжилгэ хийж үзээрэй.
  Үнэхээр хүний алаг үрийг боомилж алдаг, бяцхан охиныг барьж авч хүчинддэг, есөн хүнийг галдан шатаадаг бөх зүрхтэй нэгэнд энэ хууль үйлчлэх ёстой юу гэдгийг нэг бодоорой. Би таниас хичээнгүйлэн гуйж байна.  Та Хэрлэнчимэгийн гэх найман хүнд холбогдох шүүх хуралд ирж оролцоно уу. Таныг ард түмэн чинь ардчилсан улсын ардчилсан ерөнхийлөгч гэж хардаг  учраас би энэ хүсэлтийг удаа дараа зориг гарган тавьж байна. Миний монголын ард түмэн намайг дэмжинэ гэдэгт би итгэлтэй байна.
Миний охины амийг хороосон этгээдүүдэд холбогдох шүүх хуралд төрийн тэргүүн оролцооч гэсэн миний хүсэлтийг дэмжиж байгаа иргэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэр дээр захидал явуулж болно. Миний бие өмнө нь улсынхаа Ерөнхийлөгчийг энэ шүүх хуралд оролцооч гэсэн хүсэлт тавиад бараагүй учраас ард түмэнтэйгээ хамт ерөнхийлөгч танд хандаж байна.
Энэ удаа та ард түмнээ хүндэтгэж энэ шүүх хуралд оролцоно гэдэгт итгэлтэй байна. Эс бөгөөс би 21 аймаг, сумдаар явж бүх ард түмнийхээ гарын үсгийг цуглуулна. Энэ бол охиныг минь алсан аймшигт гэмт хэргийг шударгаар шийдүүлэхийг хүссэн жирийн нэг ардын хүсэлт.

  Шударга л байцгаая .  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж