Эрээнд нэг кг махыг 20 мянгаар зардаг

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Эрээнд нэг кг махыг 20 мянгаар зардаг

Өнгөрсөн нэг дэхь өдрөөс “Эгэл борчуудын засаглал”,  мөн “Гал үндэстэн” зэрэг ТББ-ын гишүүд  Хүнс хөдөө аж ахуйн яамны өмнө суулт зарласан.Тус төрийн бус байгууллага нь хүнсний чухал хэрэглээ болох махыг ямар ч хараа хяналтгүй хил давуулан худалдаалж,   хятад иргэд малчдаас өндөр үнээр мах худалдан авч байна.  Мөн малчид, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэлээр Засгийн газар, ХХААЯ-аас холбогдох арга хэмжээг  авахыг шаардсан бичиг хүргүүлсэн байна. Бид энэ талаар суулт хийж байгаа Н.Амарбаясгалангаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Суулт зарлаад нэг хонолоо. Яамнаас ямар нэг хариу өгсөн үү. Ер нь яагаад суулт гаргах болсон юм бэ?
– Яагаад гэвэл монгол хүнийхээ хувьд монгол мал, мах янз бүрийн дайралтад орж байгаад сэтгэл зовниж байна. Зуд, Тува улсын хулгайчид, халдварт өвчин, хам­гийн харамсалтай гэмээр зүйл нь хятад улсын иргэд. Тиймээс бид монгол мал сүргийг хамгаалах, малын махыг хараа хяналтгүй экспортод гаргаж байгаа зэрэг асуудлыг холбогдох байгуллагууд нь шийдэж өгөхийг хүссэн хүсэлт гар­гасан.  Хятад улсын иргэд ма­лын ма­хыг өндөр үнээр авч, үнийн хөөрөгдөлд оруулж байгаа нь монголчууд бид махаа авч идэхэд хүндрэлтэй байна. Монгол ченжүүд ямааны махыг нэг кг-ийг 2500 төгрөгөөр авч байхад, хятад иргэд 3700 төгрөгөөр авч байна. Энэ нь махны үнэ өсөх шалтгаан болж байна.

– Шаардлага хүргүүлсэн гэсэн. Ямар шаардлага хүргүүл­сэн юм. Тус яамнаас ямар нэг хариу өгсөн үү?
-Шаардлагадаа мал ирэх оны ма­лын тооллого болтол ма­лын мах экспортод гаргахыг шууд хориглох. Малчынхаа эрх ашгийг эн тэргүүнд тавьж, төрөөс малчдын талаар баримтлах бод­логыг шинэчилж, дэмжих бод­логыг түлхүү оруулах зэрэг шаард­лагыг тавьж хүргүүлсэн. Тус яамны холбогдох хүмүүстэй уулзсан. Харин тэд “Манай яамтай холбоогүй.  Гаалийн ерөнхий га­зар­тай холбоотой асуудал. Тэр байгууллагад шаардлагаа тавь” гэсэн хариултыг өгсөн. Гэхдээ бид гурав хоногийн дараа ямар нэг хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэр болох өлсгөлөн зарлана.

-Манай улс чөлөөт эдийн засагтай орон. Малын түүхий эд, махнаасаа өөр орлогогүй малч­дад өндөр үнээр мах авах нь харин ч ашигтай наймаа байж болох юм?
– Би махаар баяжсан хүн гэж сонсоогүй. Харин малаа өс­гөж баяжсан хүн гэж сонссон юм байна. Малчдын энэ алхам нийслэлчүүдэд эсрэгээр нөлөөлөөд байна. Удахгүй цагаан сар болно. Нэг хонины ууц бөөний үнэ нь 90 мянган төгрөг болоод байна. Хямд авсан махаа Эрээн хотод 15-20 мянган төгрөгөөр борлуулж байна.  Энэ нь махны хомсдолд орно гэсэн үг юм.

-Мал хорогдсон ч эргээд өснө. Тиймээс махны хомсдолд орно гэж ярихад арай эрт байх шиг?
-Энэ жилийн 12 дугаар сарын нэгнээс мал тооллого эхэлсэн. Энэ тооллогоор 31,8 сая мал тоологдсон. Өнгөрсөн оноос 12 саяар хорогдсон. Энэ жил өнгөрсөн жилийхээс их хүйтэрнэ. Энэ жил хамгийн бага тоологдох магадлалтай гэж үзэж байгаа. Тиймээс бид эргээд 20 мянган төгрөгөөр махаа худалдаж авах эрсдэлд орох магадлалтай байна. Тиймээс хятад иргэдийн энэ үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй.

– Хятад иргэдийг авхуулахгүй байлаа ч монголчууд өөрсдөө худалдан аваад  тэдэнд дамжуу­лан худалдаалж байна гэсэн. Тэгэхээр ингэж тэмцээд нэмэр байна уу?
– Тиймээс л хилээр нэвт­рүүлэхгүй байх хэрэгтэй байгаа юм. Мөн иргэд ч гэсэн дараа нь гарах эрсдэлийг тооцох хэрэгтэй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр ярих хэрэгтэй.

-Хилээр нэвтрүүлэх хянал­тын гааль хяналтын байгуул­лага хариуцдаг. Тэдэнд шаард­лага хүргүүлэх үү?
-Хүнс хөдөө аж ахуйн яам малчид, малаа хариуцах ёстой. Төр нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг. Тиймээс бид Засгийн газар, ХХААЯ-нд хуулийн дагуу шаардлага хүргүүлэн, суулт зарлаж байгаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж