Нийгмийн даатгалын санд хүү төлөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын санд хүү төлөхгүй

Нийгмийн даатга­лын санд даатгуулагч­дын төлсөн мөнгийг өсгөх арвижуулах талаар санаач­лага гаргахгүй олон зуун мянган эгэл жирийн иргэдийг хохироож байна гэж МҮЭ-ийн холбооны ерөн­хий­лөгч зарга хийж, Сан­­гийн сайд бо­лоод Төрийн сангийн газрын дарга тэргүүтнийг шүүхэд өгчихөөд байгаа. Сүүлийн хэдэн жил дамжин хэл ам дагуулсаар байгаа Нийгмийн даатгалын сан­гийн хөрөнгө мөнгөний талаар Сангийн яамнаас доорх тайлбарыг өгч байна.

Монгол Улсын Нэгдсэн төс­вийн тухай хуулинд 2002, 2003 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр хуулийн есдүгээр зүйлийн 9.3-т “Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нь улсын төсвийн бүрэлдэхүүн байна” гэж заасан бол 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг Төрийн сангаар дамжуулан гүй­цэт­гэнэ” хэмээн заасны дагуу 2003 оны нэгдүгээр сард нийгмийн даатгалын сангуудыг Төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн. Төрийн сангийн нэгдсэн данс нь Монголбанкинд төгрөг, валютын нэр төрлөөр байршдаг.

2009, 2010 онд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн то­дор­хой хувийг арилжааны бан­кинд байршуулах талаар Нийг­мийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөн­хийлөгч, Нийгмийн даатга­лын үндэсний зөвлөлийн хамтын шийдвэр гаргасан. Төрийн сан­гийн нэгдсэн дансанд 2010 оны арваннэгдүгээр сарын байд­лаар 602.7 тэрбум төгрөгийн үлдэг­дэлтэй байсан бөгөөд үүнээс 532.4 тэр­бум төгрөг нь төгрөгийн харилцах дансанд 70.3 тэрбум нь Монголбанк дахь валютын харил­цах дансанд байршиж байв. Нийгмийн даатгалын сангийн тухайд үлдэгдэл нь улсын хэм­жээнд 262.6 тэрбум төгрөг, үүнээс Төрийн сангийн нэгдсэн дансанд 89.8 тэрбум нь байршиж байгаа юм. Энэ нь нийгмийн даатгалын сангийн нийт хөрөнгийн 34 хувь нь Төрийн санд байна гэсэн үг юм. Үлдсэн 152.8 тэрбум төгрөг арилжааны банкуудад харилцах, хадгаламж хэлбэрээр байршиж байна. Өнгөрсөн оны тухайд Монголбанкнаас Төрийн санд хүү төлөх боломжгүй гэсэн албан тоот ирүүлсэн учир Төрийн сангаас Нийгмийн даатгалын санд хүү төлөх эх үүсвэр бүрдээгүй, хүү төлөх гэрээ ч хийгдээгүй гэсэн тайлбарыг Сангийн яамнаас өгч байна.

Нийгмийн даатгалын санд даат­­гуулагчдаас төлж хуримт­луулсан хөрөнгийг арвижуулах зорил­гоор тодорхой хувийг нь арилжааны банкуудад байршуулдаг. Мөн Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах хэлбэрээр ч өсгөн үржүүлэх нь бий. 2004-2009 оны байдлаар Нийгмийн даатгалын санд 3760.6 сая төгрөгийн хүүгийн орлогыг төвлөрүүлжээ.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж