“Volkswagen”-ий захирал 2016 он хүртэл ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

“Volkswagen”-ий захирал 2016 он хүртэл ажиллана

Автомашины зах зээлд томоохон байр суурь эзэлдэг “Volkswagen” компанийн ерөнхий захирал Мартин Винтеркорны алба хаах хугацааг дахин таван жилээр сунгасан байна. Тэрбээр “VW”–г Германы спорт автомашин үйлдвэрлэгч “Porsche”-той нэгтгэхээр ажиллаж байгаа юм. Винтеркорн өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэл хийж, нэгдэх асуудал гурван жилээр хойшлох магадлалтай байгаа тухай хэлсэн байна. Энэ нь хууль зүйн асуудал болон тэрбум еврогийн татварын маргаантай холбоотой юм.

“Porsche” компани одоо асар их өртэй байгаа бөгөөд 2011 оны төгсгөлд нэгдэхийг зөвшөөрсөн юм. Гэхдээ АНУ болон Германд хууль зүйн асуудалтай байгаа аж.

Винтеркорн 2007 онд ерөнхий захирлаар томилогдож байсан бөгөөд Шведийн ачааны машин үйлдвэрлэгч “Scania” компанийг худалдан авч, “Alfa Romeo” болон “Fiat” –ыг худалдан авах сонирхолтой байгаа юм. Арваннэгдүгээр сард “VW” таван жилийн хугацаанд 50 тэрбум гаруй еврог үйлдвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулна гэж мэдээлж байсан юм. Тус компани дэлхийн хамгийн том авто машин үйлдвэрлэгч “Toyota”-г зах зээлд ялан дийлэхээр зорьж байна.

Нэгдэж магадгүй гэх мэдээллийн дараа “Porsche” компанийн хувьцааны үнэ 7,5 хувиар, харин “VW”-гийнх 2,5 хувиар өссөн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж