Алтны далд эдийн засаг өргөжиж магадгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Алтны далд эдийн засаг өргөжиж магадгүй байна

УИХ-аас Эрдэнэсийн сангийн тухай болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа билээ. Уг төслийн агуулгыг нь тоймловол иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон болон олсон алтаа зөвхөн Монголбанкны тогтоосон үнээр эрдэнэсийн санд худалдаж, харин арилжааны банкны алт худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагааг хасах зорилготой аж.  

Дээрх хуулийн төсөлд дурдсанчлан арилжааны банкуудын алттай холбоотой үйл ажиллагааг хязгаарласнаар банкууд алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгохоо багасгах, улмаар уул уурхайн салбарт гадны банк, санхүүгийн байгууллагуудын ашиг сонирхол орж ирэх нөхцөл байдал үүсч болзошгүй аж. Алт худалдан авах үйл ажиллагаанд төр цорын ганц монополь эрхтэй болсноор чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөний зарчмуудаас ухрах ба олборлогчид бүтээгдэхүүнээ худалдах талаа чөлөөтэй сонгох хууль зүйн боломжгүй болж, улмаар хууль бус арилжаа хийх замд түлхэн оруулна. Түүнчлэн улсын төсвийн орлого болон валютын нөөц багасах, алтны далд эдийн засаг өргөжих сөрөг үр дагавартай хэмээн эдийн засагчид, банкирууд үзэж байгаа гэнэ. Дашрамд дурдахад, 2002 оноос өнөөг хүртэл Монголбанк нь нийт 84.8 тонн алт худалдан авсны 52 хувь буюу 44.1 тонн алтыг эрх бүхий арилжааны банкуудаар дамжуулан авчээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж