
Сонгодог болон арт хаус кино сонирхогчдын "CinemAurum" буюу "Алтан хальс" холбооны залуус дэлгэцийн ахисан төвшний бүтээлүүдийг олонд таниулан сурталчилж, Монгол хадмал орчуулгатай үнэгүй кино гаргадгаараа кино сонирхогчдын дунд танил болоод жил өнгөрчээ.
Тус холбооны "Dreamers" Day" кино өдөрлөг энэ бямба гаригт буюу нэгдүгээр сарын 8-нд Унгарын найруулагч Дьёрдь Пальфийн "Чихмэл" буюу “Taxidermia” киног арт хаус жанр сонирхогчдодоо үзүүлэхээр бэлтгэжээ.
2006 оны Каннын кино наадмын онцлох шинэ бүтээлээр шалгарсан уг бүтээл залуу найруулагчийн хоёр дахь бүрэн хэмжээний кино юм. Гурван үеийн унгар эрсийн тухай өгүүлдэг энэ кино аймшиг, биеийн аймшиг (body horror), бараан хошигнол (dark comedy) зэрэг төрлийг нэгтгэсэн бүхэлдээ сюрреал бүтээл ажээ. Зарим гаж дүр, дүрслэл нь үзэгчийг цочроох ч шинэ, соргог мэдрэмж төрүүлэх нь дамжиггүй . Сонирхсон хэнд ч "Алтан хальс"-ынхны үүд нээлттэй бөгөөд киногоо үнэ төлбөргүй хүргэхээс гадна киноны дараа үзэгчдийн дунд бяцхан хэлэлцүүлэг болдог юм.