Унаж үхсэн шувууд дотоод гэмтэлтэй байжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Унаж үхсэн шувууд дотоод гэмтэлтэй байжээ

Шинэ он гарахын өмнөхөн АНУ-ын Арканзас мужид 5000 хар хөөндий шувуу тэнгэрээс унаж үхсэн явдал тохиолдсон билээ. Үхлийн шалтгааныг олохын тулд зарим шувуунд задлан шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний урьдчилсан дүнгээс харахад шувууд цээжин биедээ дотоод гэмтэлтэй байсан ба их хэмжээний дотуур цус алдалттай байсан аж. Бусад эд эрхтнүүд нь хэвийн байсан гэж албаны хүмүүс мэдээлж байна. Ямар нэг халдварт өвчин байгаагүй гэнэ. Байгаль орчны мэргэжилтнүүд 65 шувууг шинжилгээнд зориулан авсан байна. Гэхдээ шувуу судлаач Карен Роүв энэ явдлыг тийм ч ер бусын зүйл биш гээд үүний шалтгаан нь аянга, эсвэл өндөр дэх мөндөртэй холбоотой байж болох тухай хэлэв. Баасан гаригт хүчтэй шуурганы урсгал Арканзас мужийг дайран өнгөрсөн тул түүний үг үнэн байж болох. Зарим хүмүүсийн үзэж буйгаар Шинэ жилийн шөнө олон тооны салют буудсанаас болж хар хөөндий цочирсон байж болзошгүй аж. Биологичид ч мөн адил шувуудын үхэл цочирдолттой холбоотой гэж хэлж байсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж