Амлалт нэхэх ард түмний холбооноос хийх жагсаалын үеэр үймээн, самуун гарч болзошгүй гэж сэрэмжлэн цагдаагийн Эргүүл хамгаалалтын тасаг болон дотоодын цэргийн зарим анги салбарын бие бүрэлдэхүүнийг Сүхбаатарын талбайн ойролцоо бэлэн байдалд байлгаж байгаа гэнэ. Бороохой болон бамбайгаар зэвсэглэсэн дотоодын цэргийнхэн Төрийн ордоны ойролцоо байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа ч СТӨ-ний ойр орчимд одоогоор дотоодын цэргийнхэн алга байна. Тэд жагсагчид нийгмийн хэв журмыг алдагдуулсан үйлдэл хийсэн тохиолдолд л хэв журмыг сахиулах бөгөөд тайван жагсаал хийж байх үед бэлэн байдал далд байх гэнэ. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-нд үүссэн эмх замбараагүй байдлыг дахин давтахгүйн үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан нь энэ гэнэ. Шаардлагатай тохиолдолд төв талбайн ойролцоо яваа тээврийн хэрэгслийг цагдаагийнхан нарийн шалгаж байгаа аж. Одоогоор цагдаагийнхан Төрийн ордоныг тойрон хамгаалалтад авсан байна. Жагсаал зохион байгуулагчид өөрсдийн шаардлагыг уншиж танилцуулсаны дараа хариугаа автал суулт хийнэ гэдгээ хэллээ.Жагсаал хараахан эхлээгүй байна.
Л.ХАЛИУ