
Нидерландын шилдэг баг “Аякс” 2014 он хүртэл багийг дасгалжуулах эрхмийг сонголоо. Өнгөрсөн сард Мартин Йоль тус багийг орхисноос хойш түр хугацаанд дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан Фрэнк де Бур дөрвөн жилийн гэрээг “Аякс”-тай байгуулж, анх удаа менежерээр ажиллахаар болж байна. Нидерландын шигшээ багт тоглож байсан 40 настай Фрэнк де Бур Берт ван Марвикийн туслахаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. 2006 оноос тэрбээр “Аякс”-ын хүүхдийн академийг удирдаж байгаад ийнхүү “томчууд”-ыг дасгалжуулахаар болж байна. Зүүн жигүүрийн хамгаалагч байсан де Бур Нидерландын шигшээгээс гадна “Аякс”, “Барселон” багуудад хүчин зүтгэж байсан юм. Тоглогчийн замналынхаа сүүлийн жилүүдэд тэрбээр “Галатсарай”, “Рейнжерс” багуудад төвийн хамгаалагчаар тоглож байгаад зодог тайлсан юм.
Score Studio