Сүхбаатар аймагт өвөлжилт хүндэрч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймагт өвөлжилт хүндэрч эхэллээ

Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт энэ оны  аравдугаар сарын сүүлчээс эхлэн хорь шахам удаа цас орж нэлдээ цасан бүрхүүл тогтжээ.

Ялангуяа Эрдэнэцагаан, Наран, Дарьганга, Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт, Халзан суманд  цасны зузаан 15-40 см болж, хунгарлаж хөрлөн хатуурсан талаар жилийн эцсийн мал тооллогын ажилд хяналт тавьж сумдад ажилласан агентлаг, албадын дарга нар ярьж байв.  

Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Т.Ган-Очир,  Хяналтын тооллогын ажлаар Онгон, Наран, Дарьганга суманд ажиллалаа. Цас ихтэй, өдөр бүр хялмаалж, явган шуурга тавьж байгаагаас мал аж ахуйн өвөлжилт хүндрэх төлөвтэй болж байна. Туулах чадвар сайтай том машин цас хагалж явахаас бус жижиг тэрэг явах боломжгүй боллоо. Малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй, мал, мах, бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байна. Өвөл хатуурах нь гээд малаа олноор нь нядалж байна.  Эрдэнэцагаан суманд ажилласан аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Д.Сэнгэдорж “Тус сумын нутагт тэгш газраа 20-30 см, гуу жалгандаа нэг метр хүртэл цастай, малчид нүүгээд гарах гарц байхгүй боллоо. “Ланд-80” машин цагт арван км  замыг цас ухан туулж, гурван км-т нэг литр түлш зарцуулж байна гэж байв.

Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс орчны болон хээрийн цасны хатууралт, зузааралтыг тухайн цаг үеийн агаарын дундаж температур, салхины хүч, орсон тунадас зэрэг цаг уурын элемэнтүүдтэй уялдуулан авсан судалгаа, тодорхойлолтоор тус аймгийн нийт нутгийн далаад хувь буюу есөн суманд өвөлжилт хүндэрсэн, үлдсэн дөрвөн суманд хүндрэх магадлалтай гэсэн мэдээг гаргажээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 190 дугаар тогтоолоор баталсан гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн гэж үзэхээр байна. Ирэх нэг, хоёрдугаар сард ч  тус аймгийн нутаг дэвсгэрт урьд жилүүдийн дунджаас ахиухан цас орох төлөвтэй байгаа ажээ.  Дээрх үүссэн нөхцөл байдлаас болж олон сумын өрх, айлын мал хот хорооноосоо бэлчээрт гарах боломж хязгаарлагдмал болж нэмэгдэл тэжээлд орж эхлээд байгаа гэнэ.

Аймгийн хэмжээгээр 12,2 мянган тонн өвс, 500 тонн хүчит тэжээл, 1677 тонн гар тэжээл, 15 тонн тэжээлийн ургамал бэлтгэж авснаас  аймаг,  сумдын нөөцөд 2500 тонн өвс нөөцөлсөн ч  Онгон, Дарьганга, Наран сумын нутаг Шилийн богд, Баянцагаан орчимд өнгөрсөн намар бэлтгэсэн  53 мянган боодол өвсийг татаж авч чадалгүй цасанд боогдоод байгаа аж.  Зам харгуй хаагдснаас ихэнх сумдад хот айл, өрх, малчдад төрийн болон бусад байгууллагаас үзүүлэх үйлчилгээг хүргэхэд саад бэрхшээл учирч байна.  Жилийн эцсийн мал тооллогын ажил зарим суманд 2-3 хоногоор сунжирсны зэрэгцээ машин техникт  бензин тос энгийн нормоос 2-3 дахин илүү зарцуулсан  байна.

Цаг хүндэрч мал хорогдохоос болгоомжилсны улмаас малчид малаа олноор нь нядлан нөөцөлж байна. Сумдаас ирж буй мэдээллээс үзэхэд малчдын гаднаа бэлтгэсэн мах ойролцоогоор 2000 орчим тонн байна. Иймд шүлхий өвчний улмаас тус аймгаас Улаанбаатаын зах зээлд мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнийг зургаан сарын хугацаанд худалдан борлуулахыг хориглосон Засгийн газрын тогтоолын хугацааг наашлуулж,  цагаан сарын өмнө хоригийг цуцлахыг малчдаас санал болгожээ.

Зам харилцаа хаагдсан аймаг, сумдын хооронд болон өвс татаж малчдад хүргэх зам харгуйг чөлөөлөх туулах чадвар сайтай автомашин, цас хагалах трактор, авто зүүлт, дальпуу зэргээр юун түрүүн хангах,  цас зудны  хүндрэл, бэрхшээлийг бодитоор тооцож гамшгийн нөхцөлд хамруулан машин техникийн  шатахууны лимит нормыг  нэмэгдүүлж авч үзэх, Түмэнцогтод байгаа улсын нөөцөөс  өвс, хүчит тэжээл хуваарилах, малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбогдож гарсан бүх зардлыг ойрын үед шийдвэрлэж өгөх зэрэг  тулгамдсан асуудлаа  багцлан аймгаас  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тавьсан байна.

Г.Сүхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж