АНУ-ын улаанбуудай эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

АНУ-ын улаанбуудай эрэлттэй байна

Улаанбуудайн үнэ өсөх хандлагатай байна. Өн­гөрсөн онд цаг агаар хэт хуурайшсанаас АНУ-д ур­гац хураалт муу байсан. Үүнтэй зэрэгцээд Австрали их хэмжээний үерт автаж, улаанбуудайн нийлүүлэлт буурах хандлагатай байна. “Ройтерс” агентлагийн мэ­дээлж буйгаар тус улс нийт ургацынхаа 20-30 хувийг алдах магадлалтай юм.

Өнгөрсөн оны байдлаар улаанбуудайн үнэ 47 ху­виар нэмэгдсэн юм. Харин ирэх гуравдугаар сард ний­лүүлэлтэд гарах нэг бушел улаанбуудайн үнэ хоёр ху­виар өсчээ. АНУ-ын хувьд дулаахан уур амьсгалтай нут­гуудаар хуурайшилт ихтэй байгаагаас ургац төдийлөн сайн гарахгүй бололтой.

Дэлхийд улаанбуудайн худалдан авалтаараа тэргүүл­дэг Египет улс энэ онд 10.2 сая тонн буудай импортлохоор тооцоолжээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад есөн сая тонноор нэмэгдсэн дүн. Энэ онд дэлхийд улаанбуудайн эрэлт 20 сая тоннд хүрэх тооцоо байна. Өнгөрсөн онд ОХУ-д болсон ган гачиг, зүүн Европын орнуудыг хамарсан хуурайшилтаас болж дэлхийд үр тарианы нийлүүлэлт буурч, эрэлт ихэссэн би­лээ. Үүнтэй зэрэгцээд улаан­буудайн экспортоор тэр­гүүл­дэг Пакистанд үер болж, гамшгийн хэмжээнд хүрсэн нь ч нөлөөлжээ. Зөвхөн Орост болсон гангийн улмаас тухайн үед улаанбуудайн үнэ 79 хувиар огцом нэмэгдэж байсан юм. Өнгөрсөн оны эцсээр олон улсад улаанбуудайн нөөц 2009 оныхтой харьцуулахад 16 хувиар буурч, 180 сая тонн болсон хэмээн Олон улсын үр тарианы зөвлөлөөс мэдэгджээ. Гэхдээ энэ талаарх албан ёсны мэдээ баримт хараахан гараагүй юм.

Ам.долларын хувьд ев­рогийн эсрэг чангарч байгаа боловч бусад гол валютын сагстай харьцах ханш нь 0.9 хувиар суларсан. АНУ-ын Ин­диана мужийн “GCAAC” төвийн шинжээч Майк Зу­золо “Ам.долларын ханш унаж байгаагаас Америкаас экспортолдог улаанбуудайн үнэ хямдарч, өрсөлдөх чадвар нь сайжирч байна. Египет, Ойрхи Дорнодынхон Франц, Аргентинаас илүүтэйгээр АНУ-ын үр тариаг худалдаж авах хандлагатай болжээ” хэмээн дүгнэсэн байна. Өчигд­рийн байдлаар, Египет улс АНУ-аас 60 мянган тонн улаанбуудай импортолжээ. Чикагогийн худалдааны бирж дээр ирэх гуравдугаар сард нийлүүлэлтэд гарах нэг бушел улаанбуудайн (нэг бушел нь ойролцоогоор 27.24 кг-тай тэнцэнэ) үнэ нэг центээр өсч, 7.99 ам.доллар болжээ.

Ерөнхийдөө үр тарианы гол бүс нутгуудад сүүлийн үед бороо их орж, зарим газар үер болж байгаагаас улаанбуудайн үнэ өсөх хандлагатай байгаа юм. Тиймээс Европын ор­нууд энэ оноос газар та­риалангийн салбараа өр­гө­жүүлж, улаан­буудайн та­риа­лалтыг нэмэг­дүүлнэ хэмээн төлөвлөж байна. “Bloomberg” агент­лагийн мэдээлж буйгаар энэ онд үр тарианы ургац нэг хувиар нэмэгдэж магадгүй аж.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж