
Өнгөрсөн оны байдлаар улаанбуудайн үнэ 47 хувиар нэмэгдсэн юм. Харин ирэх гуравдугаар сард нийлүүлэлтэд гарах нэг бушел улаанбуудайн үнэ хоёр хувиар өсчээ. АНУ-ын хувьд дулаахан уур амьсгалтай нутгуудаар хуурайшилт ихтэй байгаагаас ургац төдийлөн сайн гарахгүй бололтой.
Дэлхийд улаанбуудайн худалдан авалтаараа тэргүүлдэг Египет улс энэ онд 10.2 сая тонн буудай импортлохоор тооцоолжээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад есөн сая тонноор нэмэгдсэн дүн. Энэ онд дэлхийд улаанбуудайн эрэлт 20 сая тоннд хүрэх тооцоо байна. Өнгөрсөн онд ОХУ-д болсон ган гачиг, зүүн Европын орнуудыг хамарсан хуурайшилтаас болж дэлхийд үр тарианы нийлүүлэлт буурч, эрэлт ихэссэн билээ. Үүнтэй зэрэгцээд улаанбуудайн экспортоор тэргүүлдэг Пакистанд үер болж, гамшгийн хэмжээнд хүрсэн нь ч нөлөөлжээ. Зөвхөн Орост болсон гангийн улмаас тухайн үед улаанбуудайн үнэ 79 хувиар огцом нэмэгдэж байсан юм. Өнгөрсөн оны эцсээр олон улсад улаанбуудайн нөөц 2009 оныхтой харьцуулахад 16 хувиар буурч, 180 сая тонн болсон хэмээн Олон улсын үр тарианы зөвлөлөөс мэдэгджээ. Гэхдээ энэ талаарх албан ёсны мэдээ баримт хараахан гараагүй юм.
Ам.долларын хувьд еврогийн эсрэг чангарч байгаа боловч бусад гол валютын сагстай харьцах ханш нь 0.9 хувиар суларсан. АНУ-ын Индиана мужийн “GCAAC” төвийн шинжээч Майк Зузоло “Ам.долларын ханш унаж байгаагаас Америкаас экспортолдог улаанбуудайн үнэ хямдарч, өрсөлдөх чадвар нь сайжирч байна. Египет, Ойрхи Дорнодынхон Франц, Аргентинаас илүүтэйгээр АНУ-ын үр тариаг худалдаж авах хандлагатай болжээ” хэмээн дүгнэсэн байна. Өчигдрийн байдлаар, Египет улс АНУ-аас 60 мянган тонн улаанбуудай импортолжээ. Чикагогийн худалдааны бирж дээр ирэх гуравдугаар сард нийлүүлэлтэд гарах нэг бушел улаанбуудайн (нэг бушел нь ойролцоогоор 27.24 кг-тай тэнцэнэ) үнэ нэг центээр өсч, 7.99 ам.доллар болжээ.
Ерөнхийдөө үр тарианы гол бүс нутгуудад сүүлийн үед бороо их орж, зарим газар үер болж байгаагаас улаанбуудайн үнэ өсөх хандлагатай байгаа юм. Тиймээс Европын орнууд энэ оноос газар тариалангийн салбараа өргөжүүлж, улаанбуудайн тариалалтыг нэмэгдүүлнэ хэмээн төлөвлөж байна. “Bloomberg” агентлагийн мэдээлж буйгаар энэ онд үр тарианы ургац нэг хувиар нэмэгдэж магадгүй аж.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин