
Өвлийн сонгодог тоглолтыг төрөлх хотдоо хүлээн авсан ч гол өрсөлдөгчдөө 3:1 харьцаатай хожигдол хүлээсэн “Питтсбург Пенгвинс” одоо байгаа бүрэлдэхүүнээсээ, тэр дундаа хамгаалагчдаасаа авч үлдэх хүсэлтэй байгаа гэнэ. Тэдний нэг нь Дерик Энгелланд. Одоо 28 настай хамгаалагчид баг нь 1,7 сая ам.долларын гурван жилийн гэрээг санал болгож, тоглогч хүлээн авснаар 2013-2014 оны улирлыг дуустал одоо байгаа багтаа хүчин зүтгэхээр болж байгаа юм. Энэ нь жилийн 566,700 ам.доллар гэсэн үг юм.
Лигийн шилдэг зодоончдын нэг Энгелланд өнгөрсөн жил “Пенгвинс”-ийн бүрэлдэхүүнд есөн тоглолт хийсэн бөгөөд энэ улирлаас эхлэн багийн албан ёсны гишүүн болсон билээ. Өнөөдрийг хүртэл 32 тоглолт хийгээд байгаа тэрбээр хоёр гоол, гурван гоолын ашигтай дамжуулалт өгч, нийтдээ 76 минутыг торгуулийн сандалд өнгөрүүлснээр багийнхаа хамгийн дэггүй гишүүн нь болоод байгаа билээ. Сануулахад, Үндэсний хоккейн лигт ирэхээсээ өмнө тэрбээр Американ Хоккей лигт тоглож байсан юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, шинэ оны эхний өдөр болсон өвлийн сонгодог тулаан борооны улмаас хойшлогдож, оройн найман цагаас эхэлсэн нь харин ч бүр таатай хэрэг болсон юм. Учир нь яг энэ үеэр телевиз үзэгчдийн тоо эрс ихэсдэг бөгөөд өнгөрсөн жилийн нэмэлт цаг гарсан тоглолттой харьцуулахад телевизийн рейтинг 10 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Сидней Кросби, Александр Овекчин гэсэн шилдгүүдийн тулааныг телевизээр нийт 4,5 сая үзэгч үзсэн гэсэн судалгаа гарчээ.