
Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн, Монголын Хөрөнгийн биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзоригоос зарим асуултад хариулт авлаа.
-Монголын Хөрөнгийн биржийн удирдлагад Лондоны Хөрөнгийн биржийнхэн ажиллана гэдгийг шинэ оны өмнө мэдээлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Төрийн өмчийн хороон дээр Монголын Хөрөнгийн биржийн удирдлагыг сонгохдоо хоёр үетэй сонгон шалгаруулалт явуулсан. Манайхны тавьсан гол шалгууруудыг тухайн байгууллагууд хангаагүй учраас уг тендерийг хүчингүй болгосныг мэдэж байгаа байх. Дараа нь бид ажил хэрэгч, хөрөнгийн зах зээлд хэрэгтэй гэсэн саналуудыг тавьсан газрууд руу эргээд хандсан. Улмаар тэдгээр байгууллагуудтай зөвшилцсөний эцэст Лондоны Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах нь зүйтэй юм гэж үзсэний үндсэн дээр сонголоо.
-Яагаад заавал Лондоны Хөрөнгийн бирж гэж. Бусад Хөрөнгийн биржүүдээс юугаараа давуу юм бэ?
-Жишээлбэл, манай улс уул уурхайн салбарыг тэргүүлэх салбар болгоод хөрөнгө оруулалт татаж эхэлж байна. Манай улсын байгалийн баялгаас хувь хүртээд хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргасан компаниуд олон байна. Тэдгээр компаниуд Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтын дагуу Хөрөнгийн биржээр дамжуулж манайд 10 хувиа арилжаалах ёстой байдаг юм билээ. Гэтэл Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахад зарим талаар учир дутагдалтай. Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах, Лондоны Хөрөнгийн бирж дээр гаргах хоёрын хооронд ялгаа их бий. Лондоны Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах нь тухайн компанийн хувьд нэр хүндтэй, илүү ашигтай, давуу тал ихтэй. Манай хөрөнгийн зах зээл дээр нэг өдөрт хэдэн зуун мянгаараа арилжаалагдах захиалга ямар байгаа билээ. Тиймээс тус газар Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх болон нөөц бололцоог нь ойрын хэдэн жилдээ хангахуйц тийм программ хангамжийг Монголын зах зээлд нийлүүлэх, суурилуулах зорилт тавьж ажиллана.
-Тэгвэл Монголын Хөрөнгийн биржид ажиллах саналаа ирүүлсэн бусад байгууллагууд юун дээр алдсан бол?
-Эхний шатны шалгаруулалтын үеэр Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр сайжруулсны дараа төдөн хувийг нь хувьчилж авъя гэсэн санал ирж байсан. Учир нь УИХ-аас гаргасан тогтоол, 2010-2012 онд хувьчилж, шинэчлэн байгуулах төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн жагсаалт дээр “хувьчлах” гэсэн үг байсан. Хөрөнгийн биржийн төдөн хувийг нь төлбөртөө төлчих гэсэн санал ирж байгаа юм. Тиймээс бид үүнээс татгалзсан. Харин Канад зэрэг улсын Хөрөнгийн биржийн ямар санал ирүүлснийг Тендерийн хороо мэднэ.
-Ерөнхий сайд сонгон шалгаруулалтад Лондоны Хөрөнгийн бирж ялах магадлал өндөр гэсэн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн юм биш биз дээ?
-Та бүхэн хэрвээ санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхий сайд Блүүмбергт өгсөн ярилцлагадаа Хөрөнгийн биржийн удирдлагыг сонгох шийдвэрийг бие даасан байгууллага болох Төрийн өмчийн хороо гаргана гэж хэлсэн. Тиймээс ямар нэг гадны нөлөөгүйгээр Төрийн өмчийн хороо ажил үүргийнхээ дагуу уг шийдвэрийг гаргасан.
-Ер нь хэдий хугацааны дараа Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сайжрах бол. Гэрээнд энэ талаар заасан зүйл байгаа юу?
-Үүнийг нарийвчилсан бизнес төлөвлөгөөн дээр хэлэлцэх байх. Гэрээний нарийн зүйл заалтуудын талаар одоохондоо мэдээлэх боломжгүй. Гэхдээ тун удахгүй Монголын Хөрөнгийн биржийн талаарх мэдээлэл олон нийтэд ил болно гэж найдаж байгаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин