Сэтгүүлчдийн үзгийг мохоох арга сэдэв үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийн үзгийг мохоох арга сэдэв үү?

Сэтгүүлчдийн дуранг хааж, үзгийг мохоох аргыг тэд сэдэв үү?

Эрхэм гишүүд сэтгүүлчдийг дэглэхээр шийджээ. Сэтгүүлчид улстөрчдийн лоббиг иргэдэд мэдээлж ёс зүйгүй байдлыг нь олонд харуулсанд дургүй нь хүрчээ. Тиймээс сэтгүүлчдээс далдуур хуралдаж, нууцаар хэрэлдэж байхаар болов. Тодруулбал, өнгөрсөн оны отгон хуралдаанаар УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг хазаарласан хэд хэдэн зүйл, заалт оруулжээ. УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын чуулганаас бусад нь хаалттай хуралдах аж. Байнгын хороо, дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг болон ажлын хэсэг хаалттай хуралдсаны дараа хуралдаан даргалагч нь сэтгүүлчдэд тусгайлан мэдээлэл хийхээр болжээ. Бүр мэдээлэл өгөх зориулалтын өрөө гээчид нь сэтгүүлчдийг дуудах гэнэ.

Бас хуралдаан даргалагч мэдээлэл өгмөөргүй байвал сэтгүүлчдийг орхиод одох бүрэн эрхийг хуульчилжээ. Ингэж хуульчилсан нь гишүүдийн зан авиртай холбоотой гэж хууль санаачлагчид нь ярьж байлаа. Учир нь гишүүд сэтгүүлчдийн өмнө сандраад ажлаа хийж чадахаа больдог гэнэ. Бүх ухаан нь самуурч, хэлэлцэж байгаа асуудлаасаа хальдаг зуршилтай аж. Тиймээс байнгын хороодоос хуудуутай хуулийн төсөл чуулган руу шилждэг “зовлон”-г хууль санаачлагчид анзаарчээ. Дархан эрхтэй улстөрчдөд хариуцлага тооцох аргагүй болохоор сэтгүүлчдийн дуранг хааж, үзгийг мохоох аргыг хуулийн төсөл санаачлагчид олжээ.

УИХ-ын дэгийн тухай хуулиар сэтгүүлчдийн хөлийг чөдөрлөж нэг өрөөнд хаших болсон байна. Тодруулбал, уг хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Сэтгүүлч нь Төрийн ордонд тусгайлан гаргасан өрөөнд байрлан үйл ажиллагаа явуулна” гэж заасан байна. Бас Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдийг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага биш, УИХ-ын Тамгын газар сонгох аж. Өөрөөр хэлбэл, хавар, намрын чуулган бүрийн эхэнд сэтгүүлчдийг ажлын туршлага, ур чадвараар нь уралдуулж УИХ-аас Төрийн ордонд нэвтрэх эрх олгох юм байна. УИХ-ын шалгуураар ажлын туршлагатайд тооцогдсон сэтгүүлч сэтгүүлчдийн өрөөнд бүгж байнгын хороо, бүлгийн дарга мэдээлэл өгөхийг хүлээж суух нь гишүүдэд таалагджээ. Бас гишүүдээс ярилцлага авахдаа өнөөх зориулалтын өрөөнд урьж туслахыг нь байлцуулах шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, Монголын хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл Төрийн ордноос нэг хүний хэлсэн үгийг нэг загвараар мэдээлэхээс өөр аргагүй болжээ. Сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг хуулиар хааснаа эрхэм гишүүд мэдээгүй гэх хариулт өгч байсан нь бүр ч инээдтэй. Сэтгүүлчдээс далдуур, иргэдээсээ нуугдаж хуралдах ямар хэрэгтэйг гишүүдээс асуухад олонхи нь “Байнгын хорооны хурал хаалттай болох юм уу, ёстой мэдээгүй. Ингэж болохгүй шүү дээ” гэж хариулж байлаа. Эрхэм гишүүд шинэ жилийн баярын “наастр”-аасаа болоод кноп дарж баталсан хуулийнхаа зүйл, заалтыг анзаараагүй хэрэг. Харин З.Алтай гишүүн “Тухайн үед энэ хуулийг эсэргүүцэж байсан. Гишүүд олонхиороо баталсан. Энэ хуулиар бол сэтгүүлчид албаны, хуурай мэдээлэл иргэдэд өгөхөөс өөр боломжгүй болж байгаа юм” гэсэн юм.

“Парламентын сэтгүүлчдийн холбоо” хуулийн дээрх зүйл, заалтыг эсэргүүцэж Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүллээ. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай шинэчлэгдсэн хуульд хуулиар хориг тавихыг сэтгүүлчид хүссэн юм. Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл  “УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруултал улс төрийн үйл ажиллагааг сурвалжлахгүйг мэдэгдэж байна” гэв.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж