
Үүнтэй зэрэгцэн урьд хожид дуулдаагүй нэгэн шинэ дуулиан дэгдээд байна. Юу гэвэл Б.Хурцыг Германы талд шилжүүлсэн тохиолдолд тус улсын эдийн засгийн ашиг сонирхлын нэгэн зангилаан дээр тоглолт хийж “тохиролцож” болох юм гэсэн яриа хэлцэл байгаа талаар улс төрийн нөлөө бүхий хүрээнд ярьж эхэллээ. Бүр тодруулбал, Герман улс Монголын хөрсөн доорх газрын ховор элементийг сонирхож байгааг ашиглан нууцын албаны ажилтнаа “барьцаанаас” суллах боломж, гарцыг албаны зарим эх сурвалж судалж эхэлсэн аж.
Газрын ховор элементийн олборлолтоор дэлхийд ноёрхлоо тогтоож, нийт нөөцийн 95 хувийг дангаар эзэмшдэг БНХАУ экспортын хэмжээгээ 70 хувиар багасгажээ. Үүнтэй холбоотойгоор газрын ховор элементийн үнэ огцом өсч байна. Хятадууд хамгийн өргөн хэрэглээний элемент болох цери, лантан, цериум, неодиумын экспортын татварыг өсгөсөн нь дэлхийн зах зээл дээрх үнэ ханшид хүчтэй нөлөө үзүүлж буй. Хятадын энэ бодлого хамгийн түрүүнд Япон, Герман зэрэг улсуудыг сандаргасан бөгөөд тэд шинэ нөөцийн эрэлд гараад байгаа юм.
Эдийн засгийн ач холбогдол бүхий газрын ховор элемент буюу Rare earth element /REE/ нь электрон болон мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд болдог аж. МоАХ-ны анхны гишүүн Д.Нинж саяхан нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр Эрдэнэтийн газрын ховор элемент их хэмжээгээр агуулагддагийг нууж байна хэмээн мэдэгдэж байсан. Ер нь мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар “ховор” нэртэй энэ элементийн тархац Монголд тийм ч хязгаарлагдмал биш гэнэ. Өмнөговь аймгийн Мушгиа худаг, Хотгорын орд, Дорноговь аймгийн Лугийн гол, Халзанбүргэдэй зэрэг газарт газрын ховор элемент их хэмжээгээр байгааг дотоод, гадаадын шинжээчид тогтоосон байдаг. Мушгиа худагийн ордыг Японы тал сонирхож байгаагаа илэрхийлж, гэрээ хийж байсан гэдэг. Манай улсын газрын ховор элементийн нөөцийн хэмжээ нь Тавантолгой, Оюутолгойн ордын нөөцөөс давах бөгөөд монголчуудыг тэтгэх дараагийн үүц гэж эрдэмтэд үзэж байна. Дэлхийн банкны шинжээчид ч үүнийг баталсан бөгөөд “Монголд байгаа газрын ховор элементийн нийт өртөг нь дор хаяж 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ” хэмээн тооцоолжээ. Мөн Тавантолгойн ордод хамтран ажиллах саналаа ирүүлсэн Японы “Сүмитомо”, АНУ-ын “Моликорп” корпораци хамтран тус улсаас газрын ховор элемент экспортлохоор гэрээ хийсэн байна. Харин Германы хувьд БНХАУ, Японтой өрсөлдөн Монголын хөрсөн доорх газрын ховор элементийг сонирхож байгаа нь яах аргагүй үнэн болохоор Б.Хурцаар “наймаалцах”-ад төдийлөн татгалзахгүй л болов уу.
Японы “Прайм-ТАСС” агентлагийн мэдээлснээр, тус улс ховор металлын болон ураны хүдрийн шинэ орд хайх ажиллагааг түргэсгэхэд туслах зорилгоор ажиглалтын хиймэл дагуулаа Монгол Улсад худалдахаар шийдвэрлээд байгаа юм. Уг төслийг ирэх хоёрдугаар сард Японы Засгийн газрын болон ажил хэргийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монголд айлчлах үеэрээ нарийвчлан хэлэлцэж зөвшилцөнө хэмээн МОНЦАМЭ агентлаг мөн мэдээлж байсан. Энэхүү хиймэл дагуул нь 10 тэрбум иен буюу 123.5 сая ам.долларын үнэтэй бөгөөд үүнд хөөргөх болон мэдээлэл хүлээн авах, боловсруулах зардлууд багтсан аж. NEC концерний бүтээсэн Asnaro аппарат нь тухайн объектын зургийг өндөр нарийвчлалтай авах хүчин чадалтай. Япончууд Монголоос авдаг газрын ховор элементийн экспортын хэмжээг ойрын жилүүдэд нэмж, Хятадаас хамааралтай байдлаа багасгахаар төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн өнгөрсөн онд Токио, Улаанбаатарын хооронд газрын ховор элементийн ордуудыг хамтран ашиглах хэлэлцээр хийсэн бөгөөд ерөнхийдөө энэ талаар Японы хамгийн ойрын түнш нь Монгол болоод байгаа. Тиймээс ч уг хиймэл дагуулыг захиалах магадлал өндөртэй, Казахстан зэрэг орнуудаас түрүүлж Монголд худалдахаар шийджээ.
Хэрэв маргааш Лондонд болох шүүх хурлаар Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд ийм том үнэ цэнээр Монгол Улс нууцын ажилтнаа “аварч” болох нь. Харин Германтай өрсөлдөн ялахын тулд Монголоос юугаа ч харамлахгүй байгаа бусад түнш маань уг асуудалд хэрхэн хандах нь эргэлзээтэй юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин