Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

”Бай” болсон сайд

Эрдэс
баялаг, эрчим хүчний   сайд Д.Зоригт болохгүй бүхний “бай” болж байна.
Иргэний нийгмийнхэн, сөрөг хүчнийхэн төдийгүй нэг намын нөхөд нь хүртэл
түүнийг  хамгийн хариуцлагагүй, хамгийн хэнэггүй сайд хэмээн цоллож,
албан тушаалаас нь ховхлохоор улайрах боллоо. Хэрэв Д.Зоригт Эрдэс
баялаг, эрчим хүчний сайд болоогүй, жирийн нэг гишүүн байсан бол ингэж
их хэл аманд өртөхгүй л байсан болов уу. Хүн бүхний анхаарал байгалийн
баялаг дээр төвлөрч, энэ салбарын эрх мэдлийг атгаж байгаа хүний алхам
бүрийг нүд салгалгүй харж байгаа. Энэ утгаараа эрхэм сайдад “баялгийн
хараал” хүрчихлээ гэж хэлж болмоор ч юм шиг. Гэхдээ түүний зовлонгийн
шалтгаан арай өөр учир жанцантай болох нь зарим үйл явцаас харагдаж
байна. Түүн рүү нэр бүхий хүмүүс дайрч давшлаад байгаа нь сайд болсон
хийгээд Оюутолгойн гэрээг үзэглэсэнтэй үнэндээ тийм ч их холбоотой биш
ажээ. Харин “хар нялхаараа амьтан” байж УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх
эрх авч “хашир бурхийг” унагасан нь энэ бүхний үндсэн шалтгаан болсон
гэлтэй. Гэвч одоо тэр нялх улстөрч хэдийнэ биш болжээ. Түүнийг хэн
дуртай нь “бай” болгон хэчнээн шүршлээ ч юу ч болоогүй юм шиг гүрийсээр л
байна. Бага залуугаас нь их эрх олговол улс төрд “амь бөх”-тэй оршдог
сонгодог жишээг Д.Зоригт жинхэнэ утгаар нь харуулж байх шиг.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж