
-Маргааш болох Б.Хурцын шүүх хуралд манайхаас хичнээн хүн явах вэ. Шүүх ажиллагааны үеэр Монгол Улсаас оролцож буй төлөөлөгчид ямар үүрэгтэй оролцох юм бол оо?
-Засгийн газрыг төлөөлж манай яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар оролцохоор маргааш/өнөөдөр/ Лондон явна. Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх Н.Батаа, Тусгай үүрэг гүйцэтгэгч Ц.Болор, болон өмгөөлөгчид оролцоно. Манай төлөөлөгчдийн зүгээс шүүх ажиллагааны шийдвэрт нөлөөлөх боломжгүй, ажиглагчийн байр суурьнаас оролцоно гэсэн үг л дээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард товлогдож хойшилсон шүүх хурлын үеэр манай талаас Б.Хурцыг Германы талд шилжүүлэхгүй байх олон улсын эрх зүйн тодорхой үндэслэлээр тайлбар гаргасан шүү дээ. Тэдгээр үндэслэлийг нарийвчлан авч үзэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарч хурал хойшилсон.
-Б.Хурцын гэр бүлийнхэн Лондонд очсон уу?
-Гэр бүлийнхэн нь очсон. Шүүх хуралд оролцоно.
-Англи улсаас Монгол Улсад суух Элчин сайд ноён Диксоныг урхи тавьж Б.Хурцыг баривчлуулсан гэсэн мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?
-Манай улсын иргэн Б.Хурцын шүүх хуралд өмгөөллийн ажиллагаа явуулах өмгөөлөгчдөөс ноён элчин сайд асан Диксонтой холбоотой асуудлыг шүүх ажиллагааны үеэр тавина. Манай ажлын хэсэг өмгөөлөгч нартай байнга холбоотой ажиллаж байна. Шүүх хурлын шийдвэрийг урьдчилан хэлэх боломжгүй. Манай талд шийдвэр гарах болов уу гэж найдаж байна.
-Маргааш болох шүүх хурал манай цагаар хэдэн цагт болох вэ?
-Монголын цагаар оройн 18.00 цагаас шүүх хурал болно. Бид хуралтай холбоотой мэдээллийг ирэх лхагва гаригийн шөнө авчихна. Шаардлага гарвал ажлын хэсэг шуурхай хуралдана.
-Ажлын хэсгийг ахлаж байгаа хүний хувьд та шүүх хурлын процессийн талаар мэдээлэл өгөхгүй юм уу?
-Би гадагшаа томилолтоор өнөөдөр явчихна. Тиймээс Б.Хурцын шүүх хурлын үеэр байхгүй. Гэхдээ энэ асуудлыг хариуцаж Г.Баясгалан үлдэж байгаа.
-Өмнөх хойшлогдсон шүүх хуралд Хуульзүй, дотоод хэргийн яамны ажилтан оролцож байсан. Энэ удаад яах вэ?
-Тухайн үед Хуульзүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Европын холбооны улсад ажлаар явж таарсан болохоор Б.Хурцын шүүх хуралд оролцсон. Түүнээс биш томилогдож очсон юм биш. Тиймээс энэ удаагийн хуралд монголоос нэг л хүн явна.
-Шүүх хурал олон удаа хойшлох нь манай талд ашигтай юу. Энэ удаагийн шүүх хурал эцсийн шатны шүүх ажиллагаа байж чадах уу?
-Шүүх хурал хойшлохыг үгүйсгэхгүй. Шүүх хурал хойшлох нь бидэнд ашигтай байж чадахгүй шүү дээ. Бид аль болох богино хугацаанд иргэнээ өөрийн талд шилжүүлэн авах хүсэлтэй байгаа. Ажлын хэсэг ч бүх боломжоо дайчлан ажиллаж байна.
-Хэрэв маргаашийн шүүх хурлын шийдвэр манай талд шийдэгдвэл Б.Хурцыг гурван сар гаруй хорьсон Английн эрх бүхий албаныхан ямар хариуцлага хүлээх вэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын дипломат ажилтныг баривчилсан явдалд?
-Английн хууль хяналтынхан хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт байхгүй. Маргааш болох шүүх хурлаар Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг хэлэлцэнэ. Германы талаас 2006 онд Европын холбооны улсад хандаж гаргасан түүнийг баривчлах тухай шийдвэрийн дагуу Их Британийн эрх бүхий албанынхан баривчилсан учраас ямар нэгэн хариуцлага хүлээх асуудал ярихгүй. Мөн Б.Хурцыг цагаатгах гэсэн ойлголт ч байхгүй юм.
-Б.Хурцтай та холбогдсон уу. Хоригдож буй шоронгоос нь утсаар харилцаа тогтоож байгаа гэж сонссон?
-Яг одоогоор түүнийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй нөхцөлд хүмүүстэй уулзах, утсаар ярих гээд эрх нь нээлттэй. Би шууд утсаар холбогдсон зүйлгүй. Ингэж холбогдохын тулд цаг авах хэрэгтэй байдаг. Харин Англид суугаа манай элчин сайдын яамны ажилтнууд болон өмгөөлөгчид нь байнга харилцаа холбоотой байгаа. Биеийн байдал нь хэвийн гэсэн.