Ч.Сайханбилэг: Цензур тавьсан асуудал байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Цензур тавьсан асуудал байхгүй

УИХ өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Дээрх хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа учраас  байнгын хороодын хуралдаан өнөөдрөөс хаалттай горимд шилжих болж буй. Иймд дээрх хуулийн төслийг санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгээс дараах тодруулгыг хийлээ.

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль батлагдсанаар байнгын хорооны хуралдааныг хаалттай хийх боллоо. Ийм зохицуулалт оруулах болсон шалтгаан нь юу байв аа?

-Хуулийн төслийг санаачлахад хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан зохицуулалтын нэг энэ. Гэхдээ УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, амьдралд гарч байгаа шаардлага хэрэгцээ орчинтой нь уялдуулж, өөрчлөх шаардлагатай болдог.  Энэ дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хууль дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа өдөр нь муу болсон гэх мэтээр холын дүгнэлтүүдийг хаа хаанаа хиймээргүй байна. Хэсэг ажиллаад үзье. Болохгүй, сайжруулах шаардлага хэрэгцээ нь хэвээр хадгалагдах юм бол өөрчлөөд явах бололцоотой. Яагаад гэвэл УИХ-ын дэгийн тухай хууль өөрөө УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай уялдаж, байнгын хувьсан өөрчлөгдөж байдаг хамгийн хөдөлгөөнтэй хууль.

Хоёрдугаарт, ямар ч орны парламентын төвшинд хуулийн хэлэлцүүлэг мэргэжлийн төвшинд гүн гүнзгий агуулга дотор явдаг. Өөрөөр хэлбэл, манайхаас бусад оронд одоогийн УИХ дахь намын бүлгийн хуралдаанд хэвлэл мэдээллийнхэн ордоггүй шиг, байнгын хорооны хуралдааны үйл ажиллагаа ийм зарчмаар явдаг. Энэ дагуу зарчмын өөрчлөлт оруулсан нь цаанаа хуулийн төслийг чанаржуулъя,  сайн хэлэлцүүлэг өрнүүлдэг болъё гэдэг зорилго л агуулагдаж байгаа. Түүнээс хэлэлцэж байгаа асуудлаа ямар нэг байдлаар нууя хаая, хөшигний ардуур юм хийе гэдэг санаа бол байхгүй. Тийм ч учраас байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудал дээр  олонх болсон байр суурийг байнгын хорооны дарга хуралдаан дууссаны дараа   ярих бололцоотой.  Мөн тухайн хуралдаанд цөөнх болсон гишүүдийг төлөөлж, нэг гишүүн нь байр сууриа илэрхийлэх боломж нь бас нээлттэй. Байнгын хорооны хуралдааныг нэлээн ажил хэрэгч болгох гэсэн агуулга л явж буй.

-Гэхдээ энэ заалт хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилсон хэрэг болж байгаа шүү дээ?

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  бүх гишүүн асуулт тавьж, санал гаргах эрх нээлттэй, хуучных шигээ. Түүнээс сэтгүүлчид сурвалжлагаа бэлтгэх бүрэн бололцоотой. Бүлэг, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа чуулганы хуралдаанд эхнээс нь ярьдаг шүү дээ. Тийм учраас хэвлэл мэдээллийнхний хувьд ямар нэг хуулийн төсөл дээр аль нэг нюансын заалтыг мэдэхгүй өнгөрөх асуудал гарахгүй болов уу. Хэсэг яваад үзье л дээ.

-Хэлэлцүүлгийн чанар муу, хуулийн хийдэл гараад байгаа учраас  байнгын хороог хаалттай болгоё гэж дээрх өөрчлөлт оруулсан нь сэтгүүлчдээс хамаарах асуудал биш, УИХ-ын гишүүд та бүхний дотоод асуудал. Байнгын хорооны хуралдаан хаалттай болохоор хэлэлцүүлэг чанаржина гэдэг нь үнэмшилгүй сонсогдож байна. Цензурдах гэсэн арга ядсан хэлбэр биш үү?

-Цензурын асуудал байхгүй. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийнхэн оролцсон байнгын хорооны хуралдаан, хэвлэл мэдээллийнхэн оролцоогүй бүлгийн хуралдааны хэлэлцүүлэг хоёр ондоо болдог. Хэвлэл мэдээллийнхэн оролцсон хуралдаанд тодорхой гишүүд асуудлынхаа гүн рүү орохоосоо илүү популизм хийх, хүмүүст таалагдах зүйл ярихыг оролддог. Хуулийн төсөл болгон хүмүүст таалагдах албагүй, хуулийн төсөл болгоныг олон нийт алга ташин хүлээж авдаггүй нь бодит үнэн. Тийм учраас аль болох субьектив нөлөөллөө багасгасан хэлэлцүүлгийг зайлшгүй оруулах шаардлагатай гэдэг үндэслэлээр ийм агуулгын өөрчлөлт оруулсан.

-Өөр зохицуулалтыг сонгож болох л байсан шүү дээ?

-Монгол Улсын парламент 20-хон жилийн түүхтэй, 200-300 жилийн түүхтэй парламентын оронтой орны араас аль болох цаг хугацааг монтажлаад явж байгаа ш дээ, энэ 20 жил дотор бид. Энэ хугацаанд бид УИХ-ын тухай дэгийн хуулиа УИХ-ын тогтоол болгож үзсэн, тусад нь хууль болгож үзсэн, уян хатан хувьсамтгай болгож үзсэн. Эцсийн зорилго нь үр дүн дагуулах ёстой.  Түүнээс цензурдах хавчих, бодлого огт байгаагүйг зөвөөр ойлгох ёстой.

-Энэ хуулийг санаачилсан гишүүн нь та. Өөр бас хэн байгаа билээ?

-Нэр бүхий таван гишүүн санаачилсан. Таван гишүүний нэг нь би, хүн олж цоллох гэж байгаа бол. Гэхдээ санаа нь бол мэдээллийг цензурдах юм уу, асуудлыг хөшигний ард хийх гэсэн оролдлого бол биш. Бүх асуудал хэвлэлийн та бүхнээр дамжиж гарах учраас, байнгын хорооны хуралдааныг мэргэжлийн болгохыг л зорьсон.  

-Энэ асуудал зөвхөн хэвлэл мэдээллийнхний  эрх ашгийн асуудал биш.  Олон нийт парламентын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нээлттэй авах эрхтэй. Энэ утгаараа агуулгын хувьд өргөн хүрээг хамарна шүү дээ?

-Байнгын хороон дээр орсон зохицуулалтаас бусад нь бүгд нээлттэй. Нээлтэй сонсгол хийх эрхийг ч УИХ-ын дэд хороод руу шилжүүлсэн байгаа.

-Тэгвэл ажлын дадлага туршлагыг харгалзан, чуулганы нэгдсэн хуралдааныг сурвалжлуулна гэсэн заалт энэ дэгийн хууль дотор явж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ. Арван жил парламент сурвалжилсан бол ажлын дадлага туршлага хуримтлуулжээ гэж үзэх юм уу? 

-Нарийн ширийн зүйлүүдийг УИХ-ын Тамгын газраас асуучих. Мэдээлэл өгнө гэж бодож байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж