Найруулагчид хоёр дахь даалгавраа пүрэв гаригт шалгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Найруулагчид хоёр дахь даалгавраа пүрэв гаригт шалгуулна

Дөрөвдүгээр сарын нэгнээс “B.”, “Eagle” телевизүүдээр гарч эхэлсэн “Ticket to Hollywood” шоу амжилттай үргэлжилж байна. Оролцогчид өнгөрсөн долоо хоногт эхний шалгаруулалтаа амжилттай давлаа.
”М” клубын mini театрт найман баг өөрсдийн анхны даалгавраа шүүгчдэд шалгуулсан. Тэд гурван минутад багтаан өөрсдийн багийн гишүүд болон хийсэн бүтээл, онцлог давуу талаа дуу дүрсээр үзүүлэх ёстой байв. Бүр зарим багууд  өөрсдийгөө хурцлах уриатай байсан шүү. Үүний дараа оролцогчид хоёр дахь даалгавраа сугалцгаав. Энэ нь баг тус бүрийн ахлагчид шүүгчдийн өгсөн гурван сэдвээс сугалж, уг сэдвийнхээ дагуу зохиол бичин шүүгчдэд танилцуулах даалгавар байлаа. “Нэгэн лам сахил хүртэхийнхээ өмнө жинхэнэ хайртайгаа учирдаг”, “Нэгэн залуу өөрийг нь сурвалжилж байгааг телевизээр хардаг”, “Нууц албанд очих ёстой байсан илгээмж хаяг андуурагдан захын нэгэн айлд очдог” гэсэн гурван сэдэв оролцогчдыг хүлээж байсан юм. Ингээд багууд өөрсдийн сугалсан сугалааны дагуу зохиолоо бичиж, шүүгчдэд уншиж танилцууллаа.
Шоуны шүүгчид болох “Монгол Кино” нэгтгэл, Кино урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонго, оператор, найруулагч Г.Маш, Холливуудын зохиолч, найруулагч Патрик Макманус нар багуудын даалгаварт нэг их шүүмж хэлсэнгүй. Харин ч тэдэнд “Зохиолууд чинь дэлгэцэнд яаж амьдрахыг харъя” хэмээн урмын үгс, мэргэжлийн зөвлөгөө харамгүй хэлж байв.
Энэ пүрэв, баасан, бямба, ням гаригуудад найман багууд дээрх даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг “B.”, “Eagle” телевизээр үдшийн 22.00 цагаас үзээрэй.  
Ингээд энэ даалгаврын гүйцэтгэлийн дараа шоуны журам ёсоор хамгийн муу ажилласан нэг баг хасагдаж, харин даалгавраа хамгийн сайн хийсэн нэг баг ивээн тэтгэгчдийн шагналыг гардах юм.

Би шунаж байж найруулагч болсон

“Ticket to Hollywood” шоуны оролцогч “TV9” телевизийн найруулагч У.Пүрэвжавтай хэсэг хором ярилцлаа.
-Та яагаад найруулагч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Анх эмч болох гээд конкурс өгөхөөр явж байгаад замдаа “Хүүхэд залуучуудын театр”-ын гадна жүжигчин шалгаруулж авна гэсэн зар хараад автобуснаас буучихсан. Тэгээд л орж шалгуулаад тэнцээд Нямгаваа найруулагчийн шавь болсон. Дараа нь жүжигчнээсээ найруулагчийн ажилд шунаад “Кино урлагийн дээд сургууль”-д суралцаж дүүргэсэн.
-Шоунд оролцох болсон хамгийн том зорилго?
-Найруулагч нар хоорондоо өрсөлдөнө гэдэг нь их сонирхол татсан. Би залуу хүн, ахмад бас залуу найруулагч нар ч оролцож байгаа болохоор өөрийгөө ямар төвшинд байна вэ, ямар шугамаар, ямар зүг чигээр яваад байна, харъя, чадвал түрүүлье, тэгээд Холливууд явчихъя гэсэн зорилготой орсон.
-Холливуудын кинонуудаас хамгийн үзэх дуртай киногоо нэрлэвэл?
-Том Хэнксийн тоглосон Форест Гамп. Энэ кино яриа голдуу хэрнээ гурван төрлийн нүүрийг харуулдаг гайхалтай кино. Ярихын бол зөндөө л юм байна даа.
-Холливуудын найруулагчдаас хэнийг шүтэж, үлгэр дууриаллаа болгодог вэ?
-За, би тийм их хүн шүтээд байх дургүй. Уран бүтээлч талаасаа Нямгаваа найруулагч шигээ чадалтай болохыг хүсдэг. Холливуудын найруулагчид тэндээ мундаг л даа, гэхдээ би өөрөө өөрөөрөө мундаг.  Жав найруулагч гэж нүүр бардам хэлүүлэхийг хүсдэг.
-Энэ шоунд таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
-Би анх орж ирээд л найруулагчдын танилцуулга, хийж байсан уран бүтээлүүдийг нь харъя гэж бодсон. Тэгээд нэг их хүчтэй өрсөлдөгч байхгүй юм байна гэж бодсон. Би бол өөрийгөө дээгүүрт л байх гэж бодоод байгаа ш дээ.
-Шүүгчдийн талаар ямар бодолтой байна?
-Гурван шүүгч бол гурван өөр үзэл бодолтой, өөрөө өөрсдийнхөө үнэлэмжээр шүүж тайлбарлаж байгаа уран бүтээлийн дадлага туршлагатай, ахмад уран бүтээлчид. Хэдийгээр шүүмж их хэлж байгаа ч би шүүмж гэж бодохгүйгээр зөвлөгөө гэж хүлээж авч байгаа. Шүүмж гэж бодон учиргүй том, том нулимс унгаах нь хаашаа юм.
-Энэ салбартаа хийхийг хүсдэг мөрөөдөл?
-Шилдэг кино хийх.
-Багийнхаа хамгийн, хамгийныг нэрлээч?
-Хамгийн хурдан нь Пүрэвжав, Хамгийн завгүй нь Ганбаяр, Хамгийн энгийн нь Лхагвасүрэн юм уу даа /инээв/
-Танай багт амжилт хүсье.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж