Малайзын гран-при “Red Bull”-ынх болов

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Малайзын гран-при “Red Bull”-ынх болов

Өчигдөр үд дунд болж өнгөрсөн “Формула-1”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь гараа болох Малайзын гран-пригийн эхний хоёр байрыг “Red Bull” эзэллээ. Шинэ улирлын гараанд бүгдэд нь “Red Bull”-ын нисгэгчид тэргүүн эгнээнээс гарч уралдсан боловч шагналын тавцанд гарах боломж тохиогоогүй билээ. Харин энэ удаад тэд зорилгоо биелүүлж, Себастьян Веттель тэргүүлж, харин тэргүүн эгнээнээс гарч уралдсан Марк Уэббер удаалжээ. Уралдааны дараа Веттель “Бидний хувьд үнэхээр сайхан уралдаан боллоо. Өмнөх хоёр гараанд бид хүссэн амжилтаа гаргаж чадаагүй болохоор өнөөдрийн уралдааны үр дүнд сэтгэл хангалуун байна” гэжээ.
Малайзын гран-прид “Mercedes”-ийн нисгэгч Нико Росберг гуравдугаарт барианд орсон бол түүний багийн анд, дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахерийн төмөр хөлөгт бага зэргийн гэмтэл гарч, эхэн үед уралдааны талбарыг орхисон юм. “McLaren” багт харьялагдаж буй 2008 оны дэлхийн аварга Льюис Хэмильтон 20-иос гарч уралдсан ч зургадугаарт барианд орсон бол “Ferrari”-гийн Фелипе Масса долдугаарт, харин наймдугаарт өнгөрсөн жилийн аварга Женсон Баттон хурдалжээ. Түүнчлэн Бахрайны гран-пригийн ялагч Фернандо Алонсогийн унаж явсан Ferrari-гийн хөдөлгүүрт асуудал гарсан учир сүүлчийн тойргоо дуусгалгүй зогсоол руу буцсан байна.
Малайзын Сепанг хотноо болсон гурав дахь гарааны дараах байдлаар бразил нисгэгч Фелипе Масса дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна. “Ferrari” багт хүчин зүтгэж буй Масса 39 оноотой бол түүний хамтрагч Алонсо 37 оноотой удаалж байгаа юм.

“Формула-1”-ийн тамирчдын оноо /гурван гарааны дараах байдлаар/:
1. Фелипе Масса /Бразил/ – Ferrari – 39 оноо
2. Фернандо Алонсо /Испани/ – Ferrari – 37 оноо
3. Себастьян Веттель /Герман/ – Red Bull – 37 оноо
4. Женсон Баттон /Их Британи/ – McLaren – 35 оноо
5. Нико Росберг /Герман/ – Mercedes GP – 35 оноо
6. Льюис Хэмильтон /Их Британи/ – McLaren – 31 оноо
7. Роберт Кубика /Польш/ – Renault – 30 оноо
8. Марк Веббер /Австрали/ – Red Bull 24 оноо
9. Адриан Сутил /Герман/ – Force India – 10 оноо
10. Михаэль Шумахер /Герман/ – Mercedes GP – 9 оноо

Зохион бүтээгчид:
1. Ferrari – 76 оноо
2. McLaren – 66 оноо
3. Red Bull – 61 оноо
4. Mercedes GP – 44 оноо
5. Renault – 30 оноо
6. Force India – 18 оноо

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж