Тэмцэж олсон эрх чөлөө, ардчиллаа хамгаалахыг уриалж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Тэмцэж олсон эрх чөлөө, ардчиллаа хамгаалахыг уриалж байна

Зарим нэг төрийн бус байгууллагаас үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булаан авахыг илэрхий санаархаж, олон нийтийг турхирч байгаатай холбогдуулан МоАХ байр сууриа илэрхийлж байна. Сүүлийн үед зарим нам, төрийн бус байгууллагууд “хувьсгал” хийхийг уриалах боллоо. Хувьсгал гэдэгт дэлхий даяар нэг л зүйлийг ойлгодог. Нийгмийн тогтолцоог үнд­сээр нь өөрчилж, шинэ нийгмийн байгуул­лыг сонгохыг л хувьсгалт өөрчлөлт хэмээн үздэг.
Тэгвэл Монголын ард түмэн коммунист дарангуйллын тогтолцоог өөрчлөх, нээлттэй ардчилсан нийгэмд шилжих хувьсгалаа 1990 онд хийсэн бөгөөд энэ сонголтоосоо хэзээ ч ухрахгүй. Ертөнц дахинд өнөөдөр нийгмийн байгууллын хоёр л тогтолцоо байгаа. Нээлттэй ардчилсан нийгэм, дангаар ноёрхох-тота­литар дарангуйллын систем. Монголчууд эхний замыг сонгоод 20 жилтэйгээ золгож, энэ жилийн турш ардчиллынхаа ололт амжилтыг дүгнэн ярилцаж, тэмдэглэж байгаа. Тийм учраас ахин хувьсгал хийх тухай яриа бол биднийг сонгосон замаас минь гаргах оролдлогоос өөр юу ч бишээ.
Ахин хувьсгал хийхийг уриалагчид биднийг энэ замаас гаргаж, коммунист дэглэмд буцаах “хувьсгал” гэгчийг хийх гэж байгаа бол “санасны гарз, монголчууд 20 настай залуу ардчиллаа тууштай хамгаалах болно” гэдгийг ардчиллын төлөө тэмцэж, босгож ирсэн мянга мянган гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Коммунизм руу буцах цөөнхийн санаарх­лыг Үндэсний шинэ намын удирдах зөвлө­лийн гишүүн Батцогт гэгч ил тод илэрхийлж “коммунизмын үед сайхан байсан. Тийшээгээ буцахсан” хэмээн санааширч байна. Түүнийг дагаж далдаганагчид нь “тэр үед л жинхэнэ төр байсан” хэмээн дэмийрч байгаагаас бид тэдний бусармаг санаархлыг улам тодорхой ойлгож болно. Тэдэнд хандан МоАХ хатуу мэдэгдэж байна. Монголчууд бидэнд буцах зам байхгүй. Ардчиллаас ухрах эрх байхгүй.
Монголын Ардчилсан Холбоо ардчиллын төлөөх тэмцэлдээ хүч хэрэглэх, үндсэн хуулийн бус арга замаар засгийн эрхийг булаах оролдлогыг ямагт үгүйсгэж, бүх нийтийн чөлөөт, ардчилсан сонгуулиар л засгийн эрх тайван замаар шилжих зарчмыг хатуу баримтапдаг. Үүнээс хэзээ ч ухрахгүй. Чөлөөт сонгуулиар ард түмний дэмжлэ­гийг авч, тэднээс хууль тогтоох, эрх барих мандат авч чадаагүйдээ бачимдаж, хорсол өвөртөлсөн цөөн тооны хүн нийгмийн зарим бүлгийнхний зовлон зүдгүүр, сэтгэхүйд тулгуурлан монгол орныг ардчилсан замаас гаргах гэж байгаа бол бүтэхгүй. “Ард түмэн” гэж чангаар бархирагчид, ард түмний нэр баригчдын цаана цаг үргэлж атгаг санаа, бусармаг үйл нуугдаж байдгийг монголчууд сайн мэднэ.
Нийгэмд байгаа аливаа зөрчил дутагдал­тай Үндсэн хуулийн хүрээнд тэмцэх, эрх баригч­дыг амлалтаа биелүүлэхэд шахэх, хууль зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүйгээр тэмцэх нь манай нийгмийн иргэн бүрийн үүрэг гэж МоАХ үздэг. Ийм тэмцэлд бид иргэний хөдөлгөөн, улс төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нэгдэн тэмцэж ирсэн, Цаашид ч тэмцэнэ. Бид аливаа тэмцлийг гудамжны байдлаар өрнүүлэх, шийдвэрлэхийн эсрэг байдаг. Бидэнд ширээний ард сууж, хуулийн хүрээнд парламент дотор асуудлаа шийдвэрлэх бүрэн эрх, боломж нээлттэй байгааг үргэлж санаж явахыг нийт хүмүүст уриалж байна. Тэгээд ч цус урсган байж шийдвэрлэх хурцадсан асуудал Монголын нийгэмд алга гэдэгтэй бид санал нийлдэг.
Аливаа асуудлыг цус урсгах, хүчирхийл­лийн арга замаар шийдвэрлэхийг уриалж, цусан тангараг өргөх зэргээр сүржигнэж, хийрхэж байгаа, өөрсдийнхөө атгаг санаа, явуургүй арга барилыг нийгмийн бухимдлыг өдөөх замаар хэрэгжүүлэхийг хүсч байгаа төрийн бус байгууллагуудтай бидний зам, үзэл бодол нийлэхгүй. Энэ бүхний цаана улс төрийн өс хонзон өвөртөлж нийгэмд тогтворгүй байдал үүсгэх замаар Засгийн эрхийг авахыг хүсэгчид байгааг сайн ялгаж харах хэрэгтэй. Долдугаар сарын 1-ний аймшигт, гутамшигт өдөр ахин давтагдаж, хүний амь нас хохирч, хүний эрх зөрчигдөх явдал гаарахыг бид хүсэхгүй байна.
Үндсэн хуулийн бус аргаар, сонгуулийн бус замаар Засгийн эрхийг булаан авах гэсэн аливаа оролдлогыг тас цохиж, тэмцэж олсон эрх чөлөө, ардчиллаа өмгөөлөн хамгаалах, батжуулахыг Монголын нийт аодчипсан үзэлтнүүдэд МоАХ уриалж байна. Бусармаг этгээдүүдийн хөөргөн үйлдлийг дэмжихгүй, дэвэргэхгүй байснаар л бид ардчиллаа хамгаалж чадна. Ардчилал нээлттэй нийгмийн төлөөх Монголын ард түмний замналыг хэн ч ухрааж чадахгүй.
Монголын ард түмэн ардчилалдаа хайртай, ардчиллаа хамгаална. Ардчилал мандан бадартугай!

                                       Монголын Ардчилсан Холбоо
                                                   2010-04-03

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж