Засгийн газартай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Засгийн газартай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар уул уурхайн чиглэлээр бизнес эрхлэгчид болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй хамтран ажиллах гурван талт санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичигт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, Монголын Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Х.Ганбаатар нар гарын үсэг зурсан байна. Орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, төр захиргааны байгуулагын албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, уул уурхайн хөрөнгө оруулалтаас үр шимийг хүртэхэд иргэдийн өргөн хүрээний оролцоо болон харилцааг дэмжих, үндэсний болон орон нутгийн түвшинд зөвшилцөх, боломжуудыг төлөвлөх, уул уурхайтай холбогдон гарах зөрчил маргааныг шийдвэрлэх болон эвээр зохицуулах механизм бий болгох чиглэлээр судалгаа хийх юм байна.

 “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт чухал нөлөө үзүүлнэ. Энэ салбарт гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийхийн хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Энэ хүрээнд гарч болох үл ойлголцол, гомдол санал, зөрчил маргааныг шийдвэрлэх механизм бий болгоход энэхүү гурван талт санамж бичиг чухал үүрэгтэй”  гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар онцолсон байна. Мөн “Байгалийн баялаг ашиглахтай холбоотой асуудлаар гарч болох маргааныг шийдвэрлэж буй олон улсын туршлагыг судлах, энэ талаарх мэдээлэлд тулгуурлан Монгол орныхоо онцлогт нийцүүлсэн маргаан шийдвэрлэх арга зам, загварын санал боловсруулах, шаардлагатай тооцоо судалгааг хийнэ” гэж тэрбээр хэллээ.

Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж