
МАН’АН ДУНДАХ МОНГОЛ
2011 он тун гаажтай жил. Түүхт тэгш ойнууд бөөн бөөнөөрөө болно. За энэ ч яахав, ой олдохгүй байсан ч зохиогоод нэг юм олж найрлах далим гаргаж сурсан ард түмэн, бид. Улс төрийн утгаар нь авч үзвэл сонгуулийн бэлтгэл хангах жил! Хорин жил хэчнээн ч сонгууль дамнав даа. Гэхдээ энэ удаагийнх үнэхээр онцгой. Сүүлийн 5-6 жилд Монголын Засгийн газрын захиран зарцуулж байгаа мөнгө бүх түүхэнд байгаагүй их хэмжээтэйгээс гадна жил бүр урьдах рекордоо эвдэж байгаа. 2012 онд Засгийн эрх баригч хэн ч байлаа бөөн мөнгөн дээр ойчих төдийгүй жил болгон энэ нь бараг л ахин нугарна. Эрх баригч байхаараа л идэж ууж ханадаггүй гээд яахав, гэхдээ тэр их мөнгийг захиран зарцуулна гэдэг нэр хүнд ард түмэндээ таалагдах талаасаа шууд л тэнгэрийн умдаг атгаж байгаа хэрэг.
Оюутолгой 2013 онд ашиглалтад орно, тэр цагт Монгол нь баян тарганы хувьд дэлхийн дундаж түвшинд эргэлтгүй орно. 2015 онд Тавантолгой ашигаа өгч эхлэнэ, тэр цагт Монгол хүйтэн бүсийн Кувейт болно. Засгийн газар нэг их чармайх ч хэрэггүй, газрын баялаг өөрөө мөнгө цутгах учир тараагаад л, сайн хүн болоод л, яахав завсар залхайгаар нь өөртөө таарсан юм сэм авч хармайлаад л. Ерөнхийдөө л бүгдээрээ хожино. Иймээс 2012 онд сонгуулийн дүнгээр ялалт байгуулж засаг барихын тулд хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх болно…