Газар хөдлөх цуу яриа их цацагдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Газар хөдлөх цуу яриа их цацагдаж байна

Сүүлийн хэдэн сарын турш удахгүй газар хөдөлнө гэсэн яриа иргэдийн дунд тасрахгүй байна. Зарим нэг мэргэч төлөгч үүнд ихээхэн хошуу нэмэрлэж иргэдийн айдас дээр тоглож байна. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт газар хөдөлнө хэмээн олон айл зуслангийн байр руугаа хүүхдүүдээ аван явсан байх юм. Энэ асуудлаар барилгын инженер Г.Тулгатай ярилцлаа.

– Нийслэл Улаанбаатар хотол газар хөдөлнө гэсэн яриа иргэдийн дунд газар аваад байна. Та бас сонссон байлгүй?

-Газар хөдлөлт гэдэг бол байгалийн онц аюултай үзэгдэл. Сүүлийн саруудад иргэдийн дунд тийм яриа дэлгэрч байгааг мэдэж байгаа. Хэвлэл мэдээллээр түгж байгаа мэдээллүүдийг харах юм бол “Хэрэв Улаанбаатар хотод 5-6 баллын хүчтэй газар хөдлөх юм бол бүх барилга нурж, газартай тэгшлэгдэх тул ард иргэд бид ийм чанаргүй барилгад амьдарснаас, хотын зах руу хашаа авч, гэр барьж амьдрах нь аминд хал багатай” гэсэн ойлголт төрөхөөр байна. Ойлголт төрөхөөр барахгүй дэгсдүүлдэг заримынх нь яриагаар “Нарантуул”, “Хархорин” зах дээр дулаан хөнжлийн эрэлт нэмэгдэж байгаа сурагтай. Бүр нэлээд хариуцлагатай албан тушаалтан “Улаанбаатар хотод 9 баллын газар хөдлөлт болоход хотын барилгын 95 хувь, 8 баллын газар хөдлөлт болоход нийт барилгын 70 гаруй хувь нь нурах мэргэжлийн хүмүүсийн тооцоо бий” гэж мэдэгдэж байх юм. Уг нь барилга “нурах”, “эвдрэх”, болон “гэмтэх” гэдэг нь тус бүрдээ өөр ойлголт бөгөөд дээрхи  мэдэгдэл нь барилгын гайгүйхэн мэргэжилтэнд “Саарал өнгийг хар гэнэ” ч юм уу, эсвэл “Нэг метр нь гурван килограммтай тэнцэнэ” гэсэнтэй адилхан сонсогдож байгааг “мэргэжлийн” гэгдээд байгаа хүмүүс нь мэддэг л байлтай.
Хэдийгээр судлаачдад газар хөдлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлаа явуулахад шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэхэд, барилгын салбарын зарим мэргэжилтнүүдэд өөрсдийн зах зээлийн ханшаа өсгөхөд, барилгын бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хэрэглэгчдэд сүүлийн үед байнга яригдаж байгаа барилгуудын чанарт хандах анхаарлыг нэмэгдүүлэхэд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах шаардлага байгаа нь эргэлзээгүй боловч бүрэн батлагдаагүй мэдээллээр нийгмийн сэтгэл зүйг хэт нэг тийш хандуулах нь хэр зохистой байдгийг жирийн нэг барилгын инженер би хувьдаа мэдэхгүй юм..

-Эдгээр мэдээлэл тэгвэл ташаа юу?

-1957 онд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт болсон Рихтерийн шаталбараар 8,6 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн дараа газар хөдлөлтийг судлах мэргэжлийн байгууллагыг Монголд анх байгуулсан ба 1959 онд газар хөдлөлтийн аюулын эрчмээр бүсчилсэн зургийг зохиосон. Харин газар хөдлөлтийн эрчмийг үнэлэх олон улсын МСК-64 шатлалын дагуу бүсчилсэн зургийг 1967 онд ЗХУ-ын ШУА-ийн оролцоотойгоор дахин хянаж гаргасан байдаг. Үүнээс хойш 1980-аад оны үед Монгол орны томоохон хот суурин газрууд, түүний дотор нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг тухайн үеийн Барилга архитектурын комисс, БАТХУХ, ШУА-ийн шийдвэр, тогтоолуудаар баталж, мөрдөж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг шинэчлэх ажил гүйцэтгэлийн үе шатанд байна. Энэ ажилд сүүлийн үеийн судалгаагаар газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа гэж үзэж байгаа Сонсголон Сонгинын районд хийсэн нарийвчилсан судалгааны үр дүнг харгалзан үзэх шаардлага байгаа гэдэг нь эргэлзээгүй.
Газар хөдлөлтийн бүсэд баригдах барилга байгууламжийн зураг төслийг газар хөдлөлтийн чиглэлээр хийсэн эдгээр судалгааны үр дүнд үндэслэн боловсруулж,  барилгын асуудал эрхэлсэн байгууллагын хянаж баталсан норматив, дүрмийн шаардлагын дагуу гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийн аюулын үнэлгээний үр дүнгээс хамааруулж газар хөдлөлтийн эрчмээрээ нь ялгаатай бүс нутгуудад уг эрчимд нь тохирсон барилга байгууламжийг төлөвлөдөг. Төлөвлөлтийн энэ зарчим нь техникийн талаасаа нэлээд төвөгтэй асуудал бөгөөд энгийнээр хялбаршуулж өгүүлэхэд “Газар хөдлөлтийн 7 баллын бүсэд төлөвлөсөн барилга нь ийм хэмжээний үйлчлэлд огт эвдэрч, гэмтэхгүй”, эсвэл “Газар хөдлөлтийн 7 баллын бүсэд төлөвлөсөн барилга нь 8 баллын нөлөөлөлд нурна” гэсэн үг огт биш, харин “7 баллын бүсэд тохирох шаардлагын дагуу төлөвлөсөн барилгад ийм хэмжээний үйлчлэлд хөнгөн эвдрэл, гэмтэл гардаг бол 8 баллын бүсэд тохирох шаардлагын дагуу төлөвлөсөн барилгад ийм хэмжээний үйлчлэлд дээрхээс арай илүү хэмжээний эвдрэл, гэмтэл гарна” гэсэн үг юм. Жишээлбэл, даацын араг бүтээцтэй, газар хөдлөлт төсвөрлөлтийн шаардлага хангасан барилга бүхэлдээ нурахгүй ч хана, хамар хананд ан цав гарах, зарим хэсэгт нь хүчтэй эвдрэл гарч болно. Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга төлөвлөх үндсэн зарчмын тодорхойлолтоор “Газар хөдлөлтийн нөлөөгөөр нурахгүй, оршин суугчдын амь насанд аюулгүй байдлыг хангаж, газар хөдлөлтийн дараа сэргээн засварласнаар барилга дотор явагдах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах боломжтой барилгыг. . . “ газар хөдлөлтөд тэсвэртэй барилга гэж үздэг. Энэ тодорхойлолтод үндэслэж энгийнээр тайлбарлавал “газар хөдлөлт тэсвэрлэлтийн шаардлага хангахгүй” барилга газар хөдлөхөд нурна гэж, эсвэл “газар хөдлөлт тэсвэрлэлтийн шаардлага хангасан” барилга газар хөдлөхөд огт эвдэрч гэмтэхгүй гэж ойлгож болохгүй.
Өнөөдрийн Монгол улсад мөрдөж байгаа барилгын норматив нь газар хөдлөлтийн эрчмийг хэмжих МСК-64 хэмжүүрээр 7–9 баллын бүсэд төлөвлөх барилгад зориулагдсан бөгөөд энэ нормативаар МСК-64 хэмжүүрээр 9-өөс дээш баллын бүсэд барилга төлөвлөхийг хориглодог. Гэхдээ энэ бүсэд барилга огт төлөвлөж болохгүй гэсэн үг биш бөгөөд ийм шаардлага гарвал энд яригдаж байгаагаас өөр баримт бичгийг мөрдлөгө болгоно л гэсэн үг. Онолын хувьд МСК-64 хэмжүүрээр 9-өөс дээш баллын нөлөөлөлд нурахгүй барилга төлөвлөх боломжтой боловч ийм барилгын нэгж талбайн үнэ өнөөдрийн бидний үнэтэй гэж үзээд байгаа барилгуудынхаас олон дахин илүү болно. Товчдоо, барилгын конструктор инженерүүдийн хувьд барилгыг хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэхээр төлөвлөхөд барилгын үнэ өртгийн талаархи асуудлаас өөр зарчмын онцгой хүндрэл бараг үгүй.  
Монгол улсын барилгын салбарт ЗХУ-ын барилгын нормативыг 1962 оноос албан ёсоор хэрэглэж эхэлсэн байдаг. Харин ЗХУ-ын хувьд газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөхөд нормативуудыг 1948, 1951, 1957, 1961, 1969, 1981, 1996 онуудад шинэчлэн боловсруулж техникийн нөхцөл, дүрэм, барилгын норм, барилгын норм ба дүрэм гэсэн нэртэйгээр мөрдөж байсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үед баригдаж байсан барилга байгууламжид авч байсан газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ нь өнөөгийн шаардлагыг хангахгүй нь үнэн боловч газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг сайжруулах арга хэмжээ огт авч байгаагүй гэвэл алдаа болохоос гадна тэр үеийнхээ мэргэжитнүүдийн оюуны хөдөлмөрийг үгүйсгэсэн болох биз. Өөрөөр хэлбэл, 1960-аад онд Улаанбаатар хотод баригдсан барилгуудад газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ огт аваагүй биш, авсан арга хэмжээ нь өнөөгийн шаардлагыг хангахгүй гэвэл илүү үнэн болно. Тухайлбал 1960-аад оноос өмнө даацын өрмөл ханатай барилгыг модон хучилттай төлөвлөж, барьдаг байсан бол 1960-аад оны үеэс нэвтэрч эхэлсэн хучилтын шинэ технилогитой холбоотойгоор тоосгон барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлт дээшилсэн гэж үздэг. Өнгөрсөн зууны сүүлийн хагаст барилгын хана хучилтыг угсармал том хавтгаалжаар гүйцэтгэх технологийг өргөн хэрэглэж байсны жишээ нь одоогийн 1, 3, 4, 5, 12 гэх мэт орон сууцны хороолууд юм. Ийм барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлт тоосгон барилгынхаас ихээхэн давуу гэдгийг 1991 онд манай мэргэжилтнүүдийн КазахССР-ийн барилгын хорооны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хийсэн туршилт харуулдаг.

-Орчин үед тавьж байгаа шаардлагыг яагаад тэр үед авч үздэггүй байсан юм бол?

-Улс орны хөгжил, эдийн засгийн чадавхи, барилгын хэмжээ, ач холбогдол зэргээс хамааран тэдгээрт тавих шаардлага цаг тутамд өндөрсөж байдаг жамтай. Монгол улсын хөгжлийн хэрээр эдгээр шаардлага цаашид ч өөрчлөгдөх нь гарцаагүй.
2000-аад оныг хүртэл Монгол улсад баригдсан орон сууц, олон нийтийн барилгуудын дунд даацын өрмөл ханатай болон угсармал хавтгаалжин ханатай барилга (90-ээс дээш хувь) зонхилж байсан бол сүүлийн жилүүдэд барилгын салбарын хөгжлийн чиг хандлагатай уялдан төмөр бетон болон ган араг бүтээцтэй барилга голлох болсон. Монгол улс 2002 онд “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” үндэсний норм ба дүрмийг мөрдөж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар уг норм ба дүрмийн шинэчлэн боловсруулсан хоёр дахь хэвлэлийг мөрдөж байна. Газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх үндэсний норм ба дүрмээр барилга байгууламжийн төлөвлөлтөд тавих шаардлага, өмнөх нормтой харьцуулахад нэлээд хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд барилгын бүтээцийн тооцоонд авдаг газар хөдлөлтийн үйлчлэлийг тооцсон ачааллыг, дээр дурдсанаар сүүлийн жилүүдэд зонхилон барьж буй барилгад, өмнө мөрдөж байсан нормативынхаас ойролцоогоор 1,4–2,0 дахин нэмэгдүүлж авдаг болсон. Эндээс, барилгын бат бөх байдал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэж ойлгож болно. Мөн гадна салбарын хэмжээнд төсөллөлтийн орчин үеийн арга хэрэгслийг нэвтрүүлж, түвэгтэй хийц бүтээцтэй барилгыг хүчтэй программ хангамж ашиглан төлөвлөж байгаа нь барилгын үндсэн бүтээцийн чанарт эерэгээр нөлөөлж байна. Харин инженерийн шугаман байгууламж, түүний дотор цэвэр, бохир усны гол шугамууд, газар хөдлөлтийн үйлчлэлд илүү өртөмтгий боловч тэдгээрийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтэд тавих анхаарал бага байдаг шиг санагддаг.
Гэхдээ ямар ч хүчтэй газар хөдлөлтийг бүрэн тэсвэрлэх барилга байгууламжаар хэрэглэгчдийг бүрэн хангах боломж эдийн засгийн чадавхийн хувьд манай улстай ижил улсад бүү хэл өндөр хөгжилтэй улс оронд ч төдийлөн байдаггүй. Тийм учраас судлаачид хөгжиж байгаа орнуудын хувьд газар хөдлөлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхээс илүү гамшгийн үеийн авран хамгаалах арга хэмжээг оновчтой зохион байгуулах нь үр дүнтэй гэж үздэг.

-Чухам ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

-Дараах арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг шийдвэр гаргагчдад санал болгож байна. Үүнд:

-Юуны өмнө 2005 оноос хойш идэвхжил нь эрс нэмэгдсэн гэж үзэж байгаа Сонсголон, Сонгинын районд нарийвчилсан судалгаа хийж, уг судалгааны үр дүнд үндэслэн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн аюулын түвшин ямар байгааг тогтоох.
-Газар хөдлөлтийн аюулын тогтоосон түвшинг үндэслэн, газар хөдлөлтийн гамшгийг бууруулах чиглэлээр урьд хэрэгжсэн төслүүдийг ашиглан газар хөдлөлтийн нөлөөгөөр Улаанбаатар хотод эвдэрч гэмтэх барилга байгууламжийн тоо хэмжээ, гэмтэж бэртэх хүн амын тоог олон улсад хэрэглэдэг арга, аргачлалаар үндэслэлтэйгээр тодорхойлж, зайлшгүй шаардлагатай бол нийслэл хотыг нүүлгэх төлөвлөгөөг боловсруулах, хуучин барилга байгууламжуудыг хэрхэх асуудлыг шийдэх
-Өмнө дурдсан тооцоо, судалгааны үр дүнд үндэслэн газар хөдлөлтийн гамшгийн үеийн авран хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж зохих түвшинд батлах, энгийн иргэдэд гамшгийн үед өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах чадавхийг бий болгох талаар орон нутгийн засаг захиргааны болон гамшгийн, сургалт, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагуудын хамтран ажиллах нөхцөлийг хангах
-Газар хөдлөлтийн бүс нутагт барилга байгууламжийг төлөвлөхөд мөрдөж байгаа барилгын нормативыг шинэчлэх
Мөн энэ мэт мэргэжлийн нарийн асуудлын талаар мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг сонсдог байгаасай гэж сэтгүүлчдээсээ хүсэж байна.

Н.Туяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж