С.Баярцогт хамгийн олон “номинаци”-д тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

С.Баярцогт хамгийн олон “номинаци”-д тэргүүлэв

Шинэ жилийн баяр ард хоцров. Шинэ жилийн баярыг дагалддаг олон өргөмжлөл, хүндэтгэлүүд ч мөн ард хоцорч, статистик дүнг нь нэгтгэж болохоор болсон байна. Өнгөрөгч 2010 оны “шилдэг”-үүдийг тодруулахад хамгийн олон номинацид тэргүүлсэн хүнээр УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт тодорч байна. Түүнийг дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг Монгол улс амжилттай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн, энэхүү түүхэн хүнд бөгөөд хариуцлагатай цаг үед Сангийн яамыг толгойлж, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг батлуулан гаргах, хөтөлбөрт суурилсан төсөв бий болгоход томоохон алхам хийсэн, улс төрийн намуудын популист амлалтыг хязгаарласан, их өрийг бүрмөсөн барагдуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, Хөгжлийн банкийг байгуулах, "Монгол Улсын цахим худалдан авах тогтолцоо" төслийг эхлүүлсэн зэрэг хэмээн үзэж Монголын сайтуудын холбоо хэмээх ТББ-аас олон нийтийн дуунд онлайнаар санал асуулга явуулан “Оны шилдэг улс төрч”-өөр өргөмжилсөн.
Түүнчлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, орчинг сайжруулах, төсвийн ил тод байдлын эрх зүйн үндсийг бий болгох, төр хувийн хэвшлийн механизмыг төгөлдөржүүлэх чиглэлээр хэрэгжиж буй шинэчлэлийн үйл явцыг улирдан зохион байгуулж, санаачлан хэрэгжүүлэхэд өндөр амжилт гаргаж буйг нь үнэлж Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас шалгаруулдаг бизнесийн хүрээний нэр хүнд бүхий “Entreprenuer-2010” наадмын “Шинэчлэгч төрийн түшээ”-гээр тодруулж нэрэмжит цом гардуулсан байна.

Мөн Монгол дээд сургууль, Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын тул хамгаалах нийгэмлэгээс монголын эдийн засгийн орчин нөхцөлийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан нэр хүнд бүхий хүмүүс олгодог “Алтан тул”-цомын эзнээрээ энэ жил Сангийн сайд С.Баярцогтыг тодруулж, “Оны шилдэг эдийн засагч”-аар өргөмжиллөө.

Харин эцэст нь  “Mining Journal” сэтгүүлээс анх удаа зохион байгуулж, уул уурхайн салбарыг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, энэ салбарт хүчээ сорьж, эрсдэлийг үүрч яваа нэр хүнд бүхий компани, хувь хүмүүсийг шалгаруулах “Mining Journal Awards-2010” наадмын үеэр Сангийн сайд С.Баярцогтыг уул уурхайн хөгжлийг хурдасгах хөхиүлэн дэмжихэд ихээхэн үүрэг зүтгэлтэй ажилласан төрийн түшээ хэмээн олон нийтийн санал асуулга нэрлэсэн тул “Уул уурхайг дэмжигч хувь хүн”-ээр тодруулав. Ингээд Сангийн сайд өнгөрөгч 2010 онд хамгийн олон буюу дөрвөн ч номинацид “Оны шилдэг”-ээр өргөмжлөгдөж, ангийнхнаа хол хаялаа.

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж