Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар олон улсад зэсийн нийлүүлэлт 480 мянган тонн болсон тухай Олон улсын зэсийн судалгааны агентлагаас мэдэгджээ. Боловсруулсан зэсийн хэрэглээ өнгөрсөн онд 2009 оныхтой харьцуулахад найман хувиар их гарсан байна. Харин зэсийн нөөц буурчээ. Лондоны Металлын бирж дээр 2001 онд 1.1 сая тонн зэс нөөцөд байдаг байсан бол 2010 оны эхээр 551 мянган тонн, харин оны сүүлээр 412 мянган тонн болж багассан байна. “Bloomberg”-ийн эдийн засагчдын үзэж байгаагаар энэ онд зэсийн нийлүүлэлт буурч, нэлээд хомсдолтой байх юм.
Их Британид төвтэй “GFMS” судалгааны төвийнхөн Хятадын хэрэглээ ойрын хэдэн жилд зургаа хүртэл хувиар өсөх магадлалтай гэжээ. Тиймээс ирэх 10-15 жилд Хятад дэлхийн зэсийн нийт эрэлтийн дор хаяж 15 хүртэлх хувийг дангаараа бүрдүүлсээр байх юм. Өнөөдрийн байдлаар тус улс зэсийн эрэлтийн 35 хувийг хангаж байна.
Зэсээс гадна бусад хүнд металлын эрэлт нь нийлүүлэлтээсээ хэдийнэ даваад байгаа юм. Үүнд юун түрүүнд өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнууд чухал нөлөөтэй гэдэг нь илэрхий байна. Тиймээс богино хугацаанд зэсийн үнэ өсөх хандлагатай аж. Өнгөрсөн онд зэсийн үйлдвэрлэл буурч, нийлүүлэлт чангарсан. Энэ нь үнийг хөөрөгдсөн билээ. Харин эрэлт ихэсч байгаа нь юун түрүүнд Хятадын Засгийн газар нөөцөө нэмэгдүүлж байгаатай холбоотой юм. Өнгөрсөн онд зэсээс гадна никелийн үнэ 55 хувиар өсчээ. Бусад хүнд металлын хувьд 2007-2008 оны хямралын жилүүдээс хойш ерөнхийдөө үнэ нь нэмэгдэх хандлагатай болоод байна. Түүнчлэн газрын тосны үнэ 13 хувиар өссөнтэй зэрэгцээд ОПЕК нийлүүлэлтээ бууруулах хандлагатай болжээ. Харин Европ, АНУ-ын Засгийн газрууд мөнгөний бодлогоо сулруулж байгаагаас үнэт металлын өртөг нэмэгдсэн аж. Ерөнхийдөө металл, түүхий эдийн эрэлт урт хугацаанд нэмэгдэж байгаа бол харин нийлүүлэлт нь богино хугацаанд буурах хандлагатай байна. Үүнээс шалтгаалан үнэ нь нэмэгдэх болжээ.
"Улс төрийн тойм" сонин