Хятад ОХУ-тай үнийн хувьд санал зөрөлдөөнтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Хятад ОХУ-тай үнийн хувьд санал зөрөлдөөнтэй байна

“Орос, Хятадын эрчим хүчний салбар дахь харилцаа шинэ шатанд гар­лаа” хэ­мээн албаны төлөө­лөгчид онцолж байна. Өчиг­дөр хоёр орныг холбосон газ­рын тос тээвэрлэх хоолойн эхний хэсэг ашиглалтад орсон юм. Оросын зүүн Сибириэс Хятадын зүүн хойд мужийн Дакинг хот хүрэх маршрутаар баригдсан уг хоолойн ажилд эхний ээлжинд 25 тэрбум ам.доллар зарцуулахаар бол­сон аж. Уг хөрөнгийн нэлээд хэсгийг Хятадын талын зээ­лээр санхүүжүүлж байгаа юм. Оросын “Роснефть”, “Транс­нефть”, Хятадын “Петро­чайна” компаниуд төслийн ажлыг гардан гүйцэтгэжээ.

Урал, Сибирийн газрын тосны асар их нөөц олдоод байгаа нь Оросын эдийн засгийн өсөлтийг хурдасгах сайхан боломж хэмээн тус улсын албаны төлөөлөгчид нэг бус удаа мэдэгдэж байсан. Тиймээс энэ хүрээнд Хятад тэргүүтэй Азийн ор­нууд, цаашлаад Европ руу хийх худалдаагаа өргөтгөх сонирхолтой байгаа юм.
 
Энэ удаа Хятадын зүүн өмнөд мужийг Сибирьтэй холбосон шинэ хоолойгоор өдөрт 300 мянган баррель, жилд 15 сая тонн газрын тос тээвэрлэх төлөвлөгөөтэй бай­на. Ойрын 20 жилд энэхүү нормоо алдахгүй ажиллах юм. Уг хоолойн бүтээн бай­гуулалтын хоёрдугаар хэсэг 2014 онд дуусна. Ингэснээр нийт 4700 км үргэлжлэх шинэ замаар газрын тос тээвэрлэх аж. Дамжуулах хоо­лойн ажлыг хариуцсан Хята­дын   төлөөлөгч, “Пет­рочайна” компанийн ерөн­хий менежер Яо Вэй “Хятад, Оросыг холбосон газ­рын тосны хоолой нь эрчим хүч­ний салбар дахь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах эхлэл болж байгаагаараа онц­логтой” хэмээн ярьжээ. ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин энэ талаар “Шинэ хоолой байгуулснаар Орос улс экспортоо нэмэгдүүлэх чухал алхам боллоо” гэсэн байна.
Дэлхийд газрын тосны үйлдвэрлэлээр Орос, хэрэг­лээгээр Хятад тэргүүлдэг. Өнгөрсөн 2009 онд ОХУ газ­рын тосны үйлдвэрлэлээрээ Саудын Арабыг ардаа орхиж дэлхийд тэргүүлэх болсон. Харин Хятадын хувьд 2010 онд газрын тосны хэрэглээгээрээ АНУ-ын урд орсон юм.

Эдгээр орны хувьд өмнө нь газрын тосны худалдааг   зөвхөн төмөр замаар байсан билээ. Харин дамжуулах хоолой барих ажил саатаж байсан шалтгаан нь талууд үнийн хувьд тохиролцоонд хүрч ча­дах­гүй байсантай холбоотой юм. Энэ удаад ч үнийн тал дээр бага зэрэг маргаантай байна.

Оросын хувьд энэ сараас эхлэн газрын тосны экспортын татвараа 4.5 хувиар өсгөж, тонн тутамд 303.8 ам.долларын хураамж авдаг байсан бол түүнийг 317.5 ам.доллар бол­гон нэмсэн байна. Өөрөөр хэлбэл, Хятадтай газрын тос­­ны худалдаагаа эхлүүлж байгаа боловч татвараа улам нэмсээр байгаа гэсэн үг юм.
Өнгөрсөн 2009 оны хоёр­дугаар сард ашиглалтад ор­сон дээрх хоо­лойн бүтээн байгуулалтад зориулж ОХУ-д зээл олгох асуудлыг Хятадын тал шийд­вэрлэсэн. Тиймээс уг ажлыг гардан хариуцаж бай­гаагийн хувьд цаашид Оросын экспортын татварыг нэмэгдүүлэхгүй байх тал дээр дорвитой алхам хийх аж. Энэ талаар Хятадын Шатахууны бодлогын тухай судалгааны төвийн захирал Панг Чанг­Вэй мэдэгджээ. Тиймээс экс­портын татварынхаа үнийг тал хувь хүртэл нь бууруулах саналыг Оросын талд тавиад байгаа юм. Хэрэв энэ тал дээр тохиролцоонд хүрч чадвал Хятадын тал жилд 15 сая тонн газрын тос авах ба түүний төлбөрт 69 сая ам.доллар өгөх тооцоо байна.

Өнгөрсөн баасан гарагт биржүүд хаагдах үед газрын тосны үнэ бага зэрэг өсчээ. Ирэх сард нийлүүлэлтэд гарах нэг баррель газрын тос Нью-Йоркийн Худалдааны бирж дээр 92.06 ам.доллар болж, 2008 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өн­дөр үнэд хүрсэн байна. Газ­рын тосны үнэ энэ онд ч өсөх хандлагатай байгаа. Үүний шалтгааныг Хятадын эрэлттэй холбон тайлбарлаж болох юм. Шинжээчдийн үзэж бай­гаагаар Хятадын газрын тосны эрэлт энэ онд таван хувиар өсөх магадлалтай аж.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж