Англичууд хүслээ гүйцээв

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Англичууд хүслээ гүйцээв

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Лондонгийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Завер Ролет нар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны өдөр “Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлэх талаар хамтран ажиллах тухай” гэрээг үзэглэв. Ийнхүү англичуудын хүсэл биеллээ. Мөн хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийг удаан хүлээсэн монголчуудын хүсэл биелэх эхлэл ч тавигдлаа. Монгол Улсад уул уурхайн баялагт тулгуурласан асар их боломж, ирээдүй байгаа гэдэг утгаараа Лондонгийн биржийнхний хувьд энэ бол том зүйл. Нөгөөтэйгүүр англичууд дэлхийн хөрөнгийн зах зээлд бараг л “Загалмайлсан эцэг” гэгддэг учраас монголчуудын хувьд тэдэнтэй хамтрах нь том боломж байв. Хоёр талын ашиг сонирхол тун эвтэйхэн нийлж байна. Монголын Хөрөнгийн бирж /МХБ/-ийг удирдах олон улсын менежментийн багийн сонгон шалгаруулалт хүчингүй болсноос хойш Лондонгийн биржийнхэнд өрсөлдөгчгүйгээр ялах том боломж тодхон харагдаж эхэлсэн гэхэд болно. Тэд Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг удирдахын тулд олон ч арга хэмжээ зохион байгуулсан. Англичууд одоогоос яг сарын өмнө Монголын Хөрөнгийн биржийг эзэмших хамгийн сүүлийн мэхээ хийсэн. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 01-нд “Монголын нөөц баялагт хөрөнгө оруулах боломж ба хөрөнгийн зах зээл” сэдэвтэй нэгэн уулзалтыг Лондонд нам жимхэн зохион байгуулсан билээ. Уг уулзалтаар Монголын Хөрөнгийн биржийг удирдах эрхийг авах үндсэн тохироог хийх учиртай байсан болохоор олны анхааралд өртөхгүй чимээгүйхэн хийсэн нь тэр. “Лондонгийн Хөрөнгийн бирж” групп Монголын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан уг уулзалтын үеэр талууд Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөний талаар голчлон ярилцсан юм. Улмаар Монголын хөрөнгийн зах зээлийн ирээдүйг Лондончуудад даатгахаар болсон нь өдгөө нэгэнт тодорхой боллоо. Тэд энэхүү төлөвлөгөөгөө боловсруулахдаа нэлээд ул суурьтай хандсан нь зарим зүйлээс харагдаж байна. Жишээ нь, Лондонгийн туршлагыг Монголд нэвтрүүлэхийн тулд Хөрөнгийн биржийн удирдлагад шууд л нэг Англи нөхөр авчраад тавьчихаж болохгүй. Хэл ам ч их гарна. Тийм учраас хөрөнгийн зах зээлийн талаар хангалттай хэмжээний мэдлэг туршлага бүхий Монгол хүн шаардлагатай болсон нь мэдээж. Энэ шаардлагад нийцэх хүнээ ч тэд төвөггүй олжээ. Лондонд болсон уулзалтад оролцсон чухал зочдын нэг нь “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Болд байсан юм. Харин тэр өдгөө Монголын Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга боллоо. АНУ-ын “JP Morgan” компанийн Хөрөнгө оруулалтын банкинд гүйцэтгэх захирлаар 11 жил тасралтгүй ажилласан хөрөнгийн зах зээлийн арвин туршлагатай энэ эрхэм монголчуудынхаа хийгээд англичуудын эрх ашгийг адил тэнцүү хамгаалах үүрэг хүлээж байна. Товчхондоо бол “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” байхын төлөө зүтгэнэ гэсэн үг. Ямартай ч Хөрөнгийн биржийг хөл дээр нь босгох ажил дахин эхэллээ. Хэр үр дүнд хүрэхийг нь зөвхөн цаг хугацаа харуулна.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж