-Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн Шадар сайд М.Алтанхуяг нар баасан гаригт мэдээлэл хийлээ. Засгийн газар амлалтаа биелүүлнэ гэдгээ зарлаад байхад та бүхэн жагсах хэрэг байна уу?
-Худлаа шүү дээ. Ард түмэн өөрсдийнхөө төлөө босч, эсэргүүцэл илэрхийлэх нь тодорхой болохоор ингэж мэдээлэл хийж байгаа юм. Хэзээ байхдаа Ерөнхий сайд байн байн мэдээлэл хийж, Засгийн газрын ажлаа ард түмэнд танилцуулдаг байсан юм бэ. Энэ бол зөвхөн гал унтрах төдий л зүйл. Ард түмэн ийм үгэнд итгэхээ больсон гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай.
-Та бүхний жагсаал цуглааныг төрийн өндөр албан тушаалд суухыг хүссэн, захиалгат зүйл гэж үзэх хүн олон байна. Та бүхний ард Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг байгаа гэх юм?
-Бидний ард хэн ч байхгүй. Бид өөрсдийн үзэл бодол санаа сэтгэлээр нэгсэн хүмүүс. Тэгээд ч үнэхээр хүнд байна, амьдрал нь өдрөөс өдөрт доройтож байна гэдгийг би биш ард түмэн хэлээд байна шүү дээ. Хөдөө орон нутагт явж байхад ямар аймаар, нүд хальтрам дүр төрх байгааг төрийн ордонд сууж байгаа хүмүүс мэддэггүй бололтой. Бянхонгор аймаг овоолсон шороо болж хувирлаа.
Мөнгө төгрөг байхгүй энэ хүмүүс хаанаас мөнгө олж, ийм зүйл хийсэн юм бэ. Заавал ивээн тэтгэгч байх ёстой л гээд дайраад байгаа юм. Бид өөрсдийн мөнгөөр ажлаа эхлүүлсэн. Бидний хийх гэж байгаа зүйлийг ойлгосон хүмүүс тусалж, дэмжсээр байна. Хийх гэж байгаа ажлыг мэдэрч ойлгосон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг компанийн захирлууд сая төгрөг өгөх жишээтэй. Тэрнээс ч илүү мөнгө өгч байгаа хүмүүс байна. Тэдний дэмжлэгээр л өдий болтол явлаа. Бид хаанаас хэдэн төгрөг орж ирсэн, түүнийгээ хэнд, юунд зарцуулснаа хэлэхэд бэлэн байна. Баруун таван аймгаар явахад бид сая төгрөг л зарсан. Тэгэхэд гишүүд явахдаа хэдэн зуун сая зардаг билээ. Бидний ивээн тэтгэгч гээд гүжирдүүлээд байгаа хүмүүс өөрсдөө мэдээлэл хийхгүй юм байх даа. Н.Энхбаярыг хамгийн их эсэргүүцэж, шүүх цагдаа дээрээ тулж байсан хүний нэг бол би. Тэгсэн атлаа би түүнээс мөнгө аваад ийм зүйл хийгээд явж байх уу. Бидний барьж жагсах уриа лоозон дээр Ерөнхийлөгчөөс авахуулаад олон хүний буруутай үйл ажиллагааг бичиж эсэргүүцсэн байгаа.
-Цаана нь хүн байна гэж сэжиглэх үндэслэл нь мөр зэрэгцэн тэмцэж явсан Ж.Батзандан, О.Магнай, М.Ичинноров нар үйл ажиллагааг нь эсэргүүцэж, ард түмний дуу хоолой болж явснаа гэнэт хоёр том намд шургалсантай холбоотой байх?
-Бид нэг үе тэмцэж явсан нь үнэн ч тэр хүмүүс өөр өөрийн бодолтой, надаас өөр хүмүүс. Нэг хүн мэтээр ойлгох хэрэггүй байх. Би ч Ардчилсан намын гишүүн байсан. 2004 онд Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсон үеэс би шударга бус байна гээд намаасаа татгалзсан. Намаас иргэний хөдөлгөөн рүү шилжих, иргэний хөдөлгөөнөөс нам руу шилжих гэдэг асар их ялгаатай.
-Энэ цаг мөчид өөрт чинь төрийн эрх барьж байгаа намуудаас өндөр албан тушаал амлан намдаа орохыг хүссэн санал ирж байна уу?
-МАХН М.Ичинноровыг ажилд авахаас өмнө надад санал тавьж байсан. Албан тушаал амлаж, намдаа орохыг санал болгож байсан. Би тэр үед “Та нар ямар чөлөөтэй, сийрэг сэтгэдэг хүмүүс вэ” л гэж хэлсэн. Намайг намдаа орно, амалсан албан тушаалд нь очно гэж яаж бодож чадаж байна аа. Ичмээр юм.
-Танай хөдөлгөөнийг ард түмний бухимдлыг ашиглаж хууль бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлого гэсэн мэдээллийг МоАХ хийлээ?
-Би хүний гар хөл болж явдаг хүн биш. Надад өөрөөр амьдрах маш олон боломж байна. Би ажил хийхгүй хоёр хүүхдээ хараад гэртээ байлаа гэхэд миний нөхөр намайг тэжээгээд л байна. Би аль ч газар ороод ажиллах боломж байна. Бусад залуусын адил гадаадад гараад амьдрах ч боломжтой. Зөвхөн өөрийгөө бодъё гэвэл надад маш их сонголт байсаар байгаа. Би энэ бүгдээс татгалзаад эх орныхоо төлөө, хойч ирээдүйнхээ төлөө явж байгаа нэгэн. Би тэр албан тушаалд нь очих гээд, зөөлөн суудалд суух гээд зүтгээд байгаа юм биш шүү дээ.
-Иргэний зарим хөдөлгөөнүүд та нартай нэгдэж цусан тангараг өргөлөө. Цусан тангараг гэдэг ямар утга учиртай юм бэ?
-Тэмцлийнхээ төлөө тууштай байж хэнд ч, юунд ч худалдагдахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Надаас гадна манай холбооны тэргүүн Д.Батцогт, Тусгаар тогтнол хөдөлгөөний тэргүүн Л.Цог, Эрс шинэчлэл хөдөлгөөний Б.Лхагважав, Миний Монголын газар шороо хөдөлгөөний н.Болд, Хас хөдөлгөөний н.Ганбаатар, н.Нанжид гэсэн долоон хүн цусан тангараг өргөсөн. Бид энэ тэмцлийнхээ төлөө тууштай байхаа илэрхийлж гэрээ байгуулсан. Манай гэрээ их хатуу заалттай. Хэрвээ гарсан тохиолдолд яагаад гарах болов гэдгээ олон нийтэд өөрөө заавал тайлбарлаж хэлэх учиртай байдаг.
-Амалсан мөнгийг авахыг хүсэхгүй байгаа иргэд бас олон байна. Бэлэн мөнгө тараах тусам инфиляци өсч 1.5 сая 150 мянган төгрөгний үнэгүй болно гэдгийг хүмүүс хэлж байна. Та бүхэн үүнийг тооцож үзсэн үү?
-Хэн инфиляцийг өсгөдөг юм бэ. Ард түмэн биш шүү дээ. Эрх мэдэлтнүүд өөрсдөө өсгөчихөөд дараа нь инфляци өслөө гээд хүмүүсийг айлгаад байх шаардлага байхгүй. Барилгын салбарыг өөд нь татах гэж байна гэж өөрсдөө мөнгө үйлдвэрлэж зориуд инфиляци өсгөөд байгааг ойлгохгүй байна. Ер нь төгрөг долларын хэмжээг хэрхэн барьж, инфляцийг ямар төвшинд яаж барих нь төрийн л хэрэг.
-Та бүхэн амалсан мөнгөнөөс гадна УИХ-ыг тарахыг шаардаж байна. Одоогийн УИХ 1990-ээд оны Улс төрийн товчоо шиг тийм ч амар буугаад өгөхгүй. Тарлаа гэхэд та бүхний эгнээнд боловсролтой, эх орноо аваад явчих хүн байгаа гэхэд эргэлзэх олон хүн байна?
-Бид УИХ-ыг тартал нь бид тэмцэх болно. Мэдээж олон эсэргүүцэл, сэтгэл санааны дайралт ирнэ гэдгийг би мэдэж байна. Хэр баргийн зүйлд санаа зовохоо больж. Зарим нэг хүмүүс өнөөдөр УИХ-д байгаа 76 хүнээр төрийг төсөөлж бодож байгаа бол эндүүрэл гэж хэлмээр байна. Асуудалд дэндүү шударга бусаар хандаж байна шүү дээ. Хамгийн энгийн жишээ ямаанд хэдэн тэрбум төгрөг өглөө дөө. Мөн Таван толгойн гэрээг хийхдээ Монгол Улс 34 хувийг эзэмшинэ гэдгээс харахад л ямар нь илчлэгдэж байна. Дэндүү шударга бус байгаа биз дээ. Хэрвээ УИХ тарлаа гэхэд бидэнд төлөвлөсөн ажил бий.
-Танай холбооны тэргүүн хэн гэдэг хүн хаанаас гараад ирснийг цөөн хүн л мэддэг юм билээ. Мөн таныг улстөр, эдийн засгийн ямар ч мэдлэггүй гэж үзэх хүн цөөнгүй байна?
-Заавал улстөр эдийн засаг мэддэг хүн төр түшилцэж, эх орныхоо төлөө тэмцэх ёстой байдаг юм уу. Хэрвээ тийм л юм бол одоогийн УИХ-д байгаа Күкюшюзан Д.Батбаяраас авахуулаад олон хүнд улстөр, эдийн засгийн тухай ойлголт бий билүү. Асуумаар байна тэр хүмүүсээс. Би хоёр дээд сургууль төгссөн. Төгсөхдөө зүгээр нэг суух төдий биш сурсан шиг сурсан гэж хэлмээр байна. Төр засгийн тэргүүнд болоход одоо ямар ч шалгуур байхгүй. Ганцхан шалгуур нь мөнгө. Энэ нийгэмд маш өндөр боловсролтой, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй ч мөнгөгүйгээсээ болоод жийгдсэн хүмүүс олон байна. Түүнээс гадна амьдралын асар их туршлагатай хүмүүс энэ намагт шигдсэн мэт байдлаас яаж салах тухай санал бодлоо илэрхийлсээр байна.
-Ж.Батзандан, О.Магнай нар шаардах хуудас өгөхдөө хэнд хандахаа мэдээгүй бололтой. Ерөнхийлөгчийн хариуцдаг салбарын асуудлыг УИХ-ын даргад тавьсан байх жишээтэй. Та бүхэн хэн хэнд, ямар хугацаатай шаардлага хүргүүлэх гэж байна вэ?
-Одоо бид ярилцаад эцсийн байдлаар шаардлагаа гаргана.
-Орон нутагт төдийгүй нийслэлд 100 төгрөг гэсэн аян өрнүүлээд байсан. Нийт хэдэн төгрөг цугласан бэ. Жагсаалд оролцохоор орон нутгаас олон хүн ирэх үү?
-Манай холбоо одоогоор хандивын хайрцгаа нээгээгүй байна. Нийслэлд арван хайрцаг байгаа. Зөвхөн 100 төгрөг бус 10, 20 мянгат ч өгсөн хүн цөөнгүй бий. 21 аймагт байгаа манай салбарынхан болон багууд цугласан мөнгөө тэндээ зарцуулна.Бид нэг цаг хугацаанд зэрэг эсэргүүцлийн жагсаалаа хийх юм. Одоогийн байдлаар таван аймгаас хүмүүс нийслэл рүү гарснаа мэдэгдсэн.
-Жагсаал цуглаанаас гарах сөрөг үр дагаврыг 2008 оны VII сарын 1-ний өдрийн үйл явдал харуулсан. Олон хүний амь нас хохирч, нэг чулуу шидсэн хүн таван жилийн ял авсан тохиолдол олон гарлаа. Та бүхэн энэ талд онцгой анхаарч ажиллах ёстой байх?
-Тиймээ, цагдаагийн байгууллага биднийг удаа дараа хүлээн авч уулзлаа. Төрийн хуулийг сахиулж байгаа тэр хүмүүс иргэд болон аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж ажиллана гэсэн. Харин бид оролцож байгаа хүмүүстээ янз бүрийн өдөөн хатгалгад автахгүй байхыг онцгой анхааруулсан. Түүгээр ч зогсохгүй биднийг дэмжиж байгаа хүмүүсээс 2ОО гаруй хүнийг хамгаалалтад гарган, харуул хамгаалалтын албатай гэрээ хийж ажиллаж байгаа. Мөн өдөр нийслэлд архи согтууруулах ундаа заруулахгүй байхыг хүссэн. Хотын даргын захирамжаар энэ асуудал шийдэгдэх юм билээ. Долдугаар сарын 1-нд болсон үйлд явдал бол эхнээсээ ямар ч зохион байгуулалтгүй жагсаал байсан. Энэ хэрэгт тухайн үеийн Засгийн газар буруутай. Иргэнээ цонх хагалсных нь төлөө, нэг чулуу шидсэнийх нь төлөө буудаж болдог юм уу. Төр буруугаа хүлээж, ард түмнээсээ уучлал гуйх хэрэгтэй.
-Лам хуврагууд энэ жагсаалд оролцоно гэх юм. Үнэн үү?
-Лам хуварга ч Монгол Улсын иргэн мөн биз дээ. Тэд бидний үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэн жагсаалд оролцоно гэсэн. Хоёр хийдээс лам нар оролцож ном айлдах юм.
-Ингэхэд Ж.Батзандан, О.Магнай нар танай хөдөлгөөнийг дэмжиж байгаа юу?
-Ж.Батзандан, О.Магнай нар намын төлөөлөл болж байгаа учир ямар нэгэн байдлаар бидний үйл ажиллагаанд оролцоогүй. Харин найзын ёсоор дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Х.ОЮУНСҮРЭН