Чавес, Хиллари Клинтон нар найрсгаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Чавес, Хиллари Клинтон нар найрсгаар ярилцжээ

Бразилийн шинэ ерөнхийлөгч Дилма Руссефийн албан тушаалаа хүлээн авах ёслолын ажиллаганд оролцсон Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар хоёр орны дипломат харилцаа нэн хурцадмал байгаа боловч хоорондоо инээд алдан найрсгаар ярилцсан тухай хэвлэл мэдээллийн эх сурвалжууд мэдээлж байгаа юм байна.

Ерөнхийлөгч Чавес “Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Клинтон инээд алдан баяр баясгалантай байсан бөгөөд би ч инээд дүүрэн мэндчилж, зарим зүйлийн тухай ярилцсан юм” гэж Венесуэл улсын VTV телевизийн сурвалжлагчийн тавьсан асуултад хариулт өгөхдөө ярьсан байна.

“Үнэндээ их тааламжтай мөч байсан юм.  Хоёр, гурван чухал асуудлын талаар бид хоёр ярилцсан юм” гээд чухам юу ярилцснаа тодруулаагүй бөгөөд  Португалийн ерөнхий сайд болон Чилийн ерөнхийлөгч Пиньеро нар Вашингтон, Каракасын  харилцааг сайжруулахад тус дэмжлэг үзүүлнэ гэж ярьсныг онцолжээ.

AFP агентлагт ёслолын ажиллагаанд оролцсон Бразилийн нэгэн түшмэл “Чавес, Хиллари хоёр 5 минут орчим инээд алдан ярилцсан юм. Ердийн байдлаар ярилцаж байгаа юм шиг л харагдсан” гэж ярьсан аж.

Венесуэл улс өнгөрөгч лхагва гаригт АНУ-ын Төрийн Департмент Вашингтонд суугаа Венесуэлийн элчин сайдын визийг хүчингүй болгосон тухай мэдээлсэн бөгөөд  Чавес АНУ-ын шинээр томилсон элчин сайдад агреман олгохоос татгалзсан явдалд хариу болгож, тийм арга хэмжээ авчээ.

АНУ өдөр тутам Венесуэлээс 1 сая орчим баррель газрын тос худалдан авдаг ба энэ бүс нутгийн хэмжээнд Венесуэл улстай  “хамгийн хүнд хэцүү” харилцаатай байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Барак Обама ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ч гэсэн хоёр орны харилцаанд нааштай өөрчлөлт гараагүй ажээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж