“Барса” дараалсан 11 дэх ялалтаа авав

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

“Барса” дараалсан 11 дэх ялалтаа авав

Испанийн аварга “Барселона” клуб 2011 оныг ялалтаар угтаж, өнгөрсөн шөнийн учраагаа ялснаар Ла лигт дараалсан 11 дэх ялалтаа авлаа. Кэмп Ноу цэнгэлдэхдээ “Леванте”-г хүлээн авсан “Барса” 2:1 харьцаатай ялалт байгуулснаар мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид”-аас таван онооны илүүтэй болж, Испанийн Примера лигийн хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна. Лионель Мессигийн эзгүйд талбайд гарсан залуу жигүүрийн тоглогч Педро Гонзалес багтаа ялалт авчирсан хоёр гоолыг оруулсан бол Шави Каталаны багийн өмсгөлтэй 549 дэх тоглолтдоо оролцож, клубын түүхэн дэх дээд рекордтой тэнцэх амжилтын эзэн болжээ.

Тоглолтын эхний хагаст “Барса” Валенсия хотын багийн хамгаалалтыг сэтэлж чадалгүй хуурай тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар хагас эхлээд хоёр минутын дараа Даниэль Алвесийн дамжуулалтаар Гонзалес тооны харьцааг нээсэн байна. Улмаар 59 дэх минутад дахин Алвесийн дамжуулалтаар дубль хийжээ. Өчигдрийн тоглолтод “Барса”-гийн хамгаалалт харьцангуй сул байсан. Учир нь багийн ахлагч, туршлагатай хамгаалагч Карлес Пуйоль гэмтлийн улмаас тоглолтыг өнжсөн юм. “Леванте” ч гоолын төлөө ширүүн тэмцэл өрнүүлж, тоглолт өндөрлөхөөс 10 минутын өмнө Стуани солгой хөлөөрөө хүчтэй цохилт гүйцэтгэж, тооны харьцааг 2:1 болгосон байна. Кэмп Ноу цэнгэлдэхэд зочилсон сүүлийн зургаан тоглолтдоо “Барса”-д ялагдсан “Леванте” өдгөө 15 оноотой хүснэгтийн 17 дугаар байрт бичигдээд байна.

Испанийн Ла лигийн 17 дугаар тойргийн хүрээнд өчигдөр нийт таван тоглолт болсон үлдсэн таван тоглолт өнөөдөр болох юм.

Өчигдөр болсон тоглолтын дүн:

“Атлетик Билбао” 1:2 “Депортиво”
“Спортинг” 1:2 “Малага”
“Барселона” 2:1 “Леванте”
“Севилья” 1:0 “Осасуна”
“Валенсия” 2:1 “Эспаньол”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж