Авлига хийгээд орлогод ялгаа байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Авлига хийгээд орлогод ялгаа байна уу?

Хүчтэй нь хүчгүйгээ нугалдаг байгалийн хатуу хууль өнөөгийн бидэнд сон­годог хэлбэрээр үйл­чилж байна. Үүнийг Авлигатай тэмцэх газрын гаргасан 2009 оны Төрийн албан ту­шаалт­нуудын хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээс харж болно. Өдөр ирэх тусам энэ зүй тогтолд улам бүр автаж байна. Улстөрч­дийг ивээн тэтгэх байдлаар өөрсдийнхөө хамгаалалтыг зузаатгаж ааж­маар моно­поль болж байсан бизнес­мэнүүд өнөөгийн төрд шур­гал­сан нь цөөнгүй. Одоо яая гэхэв гээд тэднийг хүлээн зөв­шөөлөө гэхэд нөгөө үзүүрт нь байгаа төрийн өндөр албан ту­шаа­лаа ашиг­лан “бизнес” хийж, тэрбумт­нуудын эгнээг зузаатган түүнийгээ орлого гэж мэдүү­лэх луйварчид олшир­соор байгааг юу гэх вэ.
Эдийн засгийн шим, шүүсийг улам бүр хачиг шиг сорсоор буй тэд хямралын энэ зурвасхан үед ч зах зээлийн жам ёсноос гадуур явдагаа нотолж бизнесийнх нь орлого өссөөр байна. Харамсал­тай нь улс төрөөс ангид байдаг жижиг дунд үйлдвэрлэл, бизнес­мэнүүд тэдний балгаар хумигд­саар буй нь нууц биш.
Орлого нь жилийн дотор арав, хорь дахин суга өсөөд буй тэдгээр төрийн албан тушаалт­нуудыг бусад ор­нуудад “авлигач” гэж сэрдэн орлогыг нь нарийн нягтлан, хаанаас олсоныг нь шал­гаадаг бол манайд “төрөөс төрсөн тэрбумтан” гэх гун­шин олгоод л сууж байх жишээтэй. Асуултын ха­риулт АТГ ажлаа хийхгүй байгаад уу, эсвэл тэдний хэлдэг “Хуульд ингэж л заасан”-аас уу.
Өөрөөр хэлбэл авлигад сэ­жиг­лэж болохуйц их хэмжээний орлого олсон төрийн албан ту­шаалт­ныг энэ газар шалгах эрхгүй юмсанжээ. Тэдний хийж болох ажил нь гэвэл олон нийтэд авлига битгий өгөө­рэй, авлига нэхсэн бай­цаагч­дыг бидэнд мэдэг­дээрэй, бидэнд гомдол гар­гаарай гэхчлэн харанхуй монголчуудыг гэгээрүүлэх теле­визийн шторк. Үгүй дээ, авли­гачдын өөрсдийнх нь гаргасан нэр томъёо болох “өвсөн тэ­жээлтнүүд”-ийг агнах явдал/өвсөн тэжээл­тэн гэдэгт багахан хэм­жээний авлига авдаг татвар, газар, гааль, мэргэжлийн хянал­тын байцаагч нар баг­тах аж. Харин махан идэш­тэнд тэднээс дээгүүр албан тушаалтнууд буюу их хэм­жээний мөнгө авдаг шийд­вэр гаргагчид багтана/.      
Жишээ татая. Авлигатай тэмцэх газраас санал бол­гос­ноор Тагнуулын ерөнхий газрын харъяа Төрийн тус­гай хамгаа­лалтын газрын ахлах нягтлан бодогч С.Нямхишигийг хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заа­сан хугацаанд бүрт­гүү­лээгүй гэсэн шалтгаанаар ажлаас нь халжээ. Энэ мэт олон “өвсөн тэжээлтнүүд” өмнөх жилүүдэд ажлаасаа халагдаж байлаа.
Тэгвэл хамгийн сүүлд Ашигт малтмалын газрын дэд даргаар томилогдсон Д.Эрдэнэбилэг хө­рөн­гө, орло­гоо хуулийн хуга­цаанд мэдүүлээгүй төдийгүй нөхөн мэдүүлэхдээ худал мэ­дүүл­сэн болох нь шалгалтаар тогтоогдсон ч өнөөдөр ажлаа хийсээр л байна. Энэ жишээнд БГД-ийн Засаг дар­га Л.Амгаланг нэмж болно. Түүнийг үл хөдлөх хөрөнгөө нуун дарагдуулсан атал хотын мэр Г.Мөнхбаяр цалинг нь 20 хувиар хасч байх жишээтэй.
Тэгвэл сайд, УИХ-ын гишүү­дийн тухай бүр ч хачи­ралтай дүр зураг үзэгдэнэ. Мэдээж бид хардах эрхтэй. Тэднийг авлига авсан гэж байнга сэрдэж байхад ч буруутах зүйлгүй. Харин тэд аваагүй гэдгээ батлах, чадах­гүй бол хариуцлагаа хүлээх үүрэг­тэй. Энэ жи­лийн хөрөнгө орлогын мэ­дүүл­гийг сонирхож суухад УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд 95 сая 600 мян­ган төгрөгийг бэлгэнд авчээ. 95 сая төгрөг бэлэглэчих бэл бэнчинтэй нь хэдсэн билээ. Харин ямар ч өөрийн мэд­лийн компанигүй, хувь­цаа­гүй хэрнээ Хүнс, хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунайн 2008 онд 461 сая 933,3 мянган төгрөгийн орлого олсон гэж мэдүүлсэн байх юм. Дээр нь ямар нэгэн бизнес эрхэлдэггүй бас нэгэн сайд болох Т.Ганди 43 сая 235 мянган төгрөгийн орлогыг өнгөрсөн жил олго­сон гэж мэ­дүүлжээ. Дээр нь хорь дахин орлого нь нэмэгдсэн МАХН-ын дарга С.Баяраас эхлээд олон олон жишээг энд дурдаж, тэднийг авлига авсан гэж хардах хан­галттай үндэслэл бий.     
Тэглээ гээд тэднийг АТГ шалгахгүй. Нөгөөтэйгүүр анх төрийн албан тушаалтан болсон хэн ч хөрөнгө ор­логын мэдүү­лэгтэй хэдэн ч төгрөгийн орло­готой гэж бичсэн болно. Өөрөөр хэл­бэл, ирээдүйд авах авли­гынхаа мөнгийг орлого дээ­рээ нэмээд биччихвэл да­раа дараад авлигад сэжиг­лэгдэхгүй гэсэн үг. Үүнийг ч ирээдүйтэй төрийн албан хаагч нар хэзээний анзаар­чихаж. Ирээдүйд авлигаас авах мөнгөө тооцсон тэд хүмүүст хар авахуулахгүйн тулд байнга үнэ­тэй утас, өндөр зэрэглэлийн рес­торанд орох мэтээр бий­лэгжуу харагддаг болсон нь ийм учиртай. Магадгүй ирээдүйд тэр сайд нар болно шүү дээ тэр үед тэр мөнгөө жинхэнэ утгаар нь олно.
Бага хэмжээнд байнга авлига авахыг эрмэлзэгчид ингэж сэт­гэдэг бол харин томоохон улс­төрчид Авли­гатай тэмцэх газрыг байгуулахдаа өөрийнхөө эсрэг ажиллах эрхгүй бай­хаар хуулийн зохицуулалт хийх нь тодорхой.    
2.7-хон сая хүн амтай Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал яагаад дайнд нэрвэг­дэсэн Афри­кийн улс орнуудтай адил байна вэ гэдэг асуултын хариултын нэг хэсэг нь энэ.  Монгол Улс дайнд нэрвэгдэж сүйтгэгдээгүй мөртлөө, ав­лига хээл хахуулын улмаас эдийн засаг нь улам л тогтворгүй болж байна. Уран, алт, зэс болон бусад газрын баялаг нь “Айвеньхоу Майнз”, “Бороо Гоүлд”, “Рио Тинто” гэх мэт уул уурхайн том том компаниудын шуналыг хө­дөлгөж, эдгээр компаниуд мэдэг­дэхүйц хэмжээний ашиг олж байгаа боловч хүн амын 80 хувь нь ядуу хэвээрээ байгаагийн бас нэг гогцоо нь энэ.
Хэрэв Авлигатай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруу­лахгүй л бол нүдний өмнө тэд ингэж баяжсан хэвээр үргэлжлэх нь. Та нар хара­хаас өөр юу хийж чадах вэ гэж тавлах мэт авли­гынхаа хэмжээг ХОМ-ийн хүс­нэг­тэд дурайлгасан тө­рийн тэр­бумтнуудын тоо өсч, эсрэг талд нь тэднээс холуур байсан жирийн бизнесмэн­дүүд дам­пуурлаа зар­лаад гашуун ирээдүй биднийг угтах биз ээ. Ингээд бодо­ход авлига, орлогын хоо­ронд зааг ялгаа гэж байна уу. Орлогын татварыг өөрсдөө төлдөг бол бол авлигын татварыг бараа, бүтээг­дэхүүний үнийн өсөлт хэл­бэр­тэйгээр иргэд л төлдөг аж.
Өвсөн тэжээлтнүүдийг агна­хаас өөрийг хийж чадах­гүй өнөө цагийн анчид махан идэштэнд бариулчихгүйн тулд өгөөшийг нь үмхээд бэлчээр, нутгаас нь холуур гэлдэрэх нь өлзийтэй гэнэм.   

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж