Төгрөг хамгийн өсөлттэй валютаар тодров

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Төгрөг хамгийн өсөлттэй валютаар тодров

Валютын зах зээлд 2010 онд Монгол Улсын валют төгрөг хамгийн сайн тоглосон мөнгөн тэмдэгт байлаа гэж “Wall Street Journal”-д  мэдээлсэн байна. Ингээд уг мэдээллийг орчуулан хүргэж байна.

“Wall Street Journal”-ын блогт Азийн хамгийн бага танигдсан мөнгөн тэмдэгт болох төгрөг ам.долларын эсрэг хамгийн ихээр буюу 16,7 хувиар өссөн тухай бичжээ. “Dow Jones Newswires”-ын шинжээч Роберт Флинт энэ судалгааг хийсэн байна.
“Төгрөгийн ханш чөлөөтэй өсч байна. Капитал ч мөн адил”  гэж тэрбээр хэлсэн нь хэрэв хөрөнгө оруулагчид төгрөгийг сонирхсон бол өнгөрсөн онд их хэмжээний ашиг олж болох байсан гэдгийг сануулсан байна.

“Хэрэв ямар нэг хөрөнгө оруулагч үнэхээр төгрөгийн арилжаагаар ашиг олж чадсан бол тэр хүн маш алсын хараатай нэгэн гэсэн үг. Үнэнийг хэлэхэд би төгрөгийн талаар сонсч ч байгаагүй. Хаана ч арилжаалагдаж байхыг хараагүй” гэж Роберт Флинт бичжээ.

БНХАУ, ОХУ-тай хиллэдэг Монгол улс одоо уул уурхайн зах зээлд асар том тоглогч болох төлөвтэй байгаа. Хятадын эдийн засаг дахь түүхий эдийн хэрэгцээг хангаж чадах “төгс нийлүүлэгч” байх шинж байна. Өнгөрсөн оны хувьд Монгол Улсын хэд хэдэн нөөц Гонгконгийн хөрөнгийн бирж дээр томоохон тоглолт үзүүлсэн. Засгийн газрын зүгээс ч мөн адил Гонгконгийн бирж дээр уул уурхай, дэд бүтцийн гол гол хөрөнгийг Гонгконгийн хөрөнгийн бирж дээр бүртгүүлэхээр зорьж байгаа бололтой.

Монгол Улсын хувьд зам тээврийн асуудал уул уурхайн салбарт дараа болж байгаа юм. Төмөр замын сүлжээ ихэнхи гол орд газартай шууд холбогдоогүй бөгөөд Хятад улс руу бүтээгдэхүүнээ элгээхэд төмөр замын царигын өргөн зөрдөг юм. Өөрөөр хэлбэл төмрийн хүдэр, зэс, нүүрс зэрэг бүтээгдэхүүнийг хил дээр буулган, дахин ачиж байж Хятад руу экспортолдог. Энэ тохиолдолд тээвэрлэлтийн өртөг асар ихээр нэмэгддэг байна.

Түүнчлэн Монгол Улсад бодлогын төвшинд эрсдэл их байгаа. Засгийн газрын зүгээс саяхан байгаль орчныг хамгаалах зорилготой хууль баталж, үүний дагуу 4000 орчим уул уурхайн лицензийн 1700 гаруйг нь хураах асуудал гарч байна. Одоогийн байдлаар 254 алтны лицензийг цуцлаад байгаа юм. Хэдийгээр энэ нь уудам нутагт нь хомс усны нөөцийг хамгаалахад тустай байж болох ч төгрөгийн ханшийг ингэтэл нь өсгөхөд нөлөөлсөн уул уурхайн салбарт боолт хийж, хөрөнгө оруулагчдад таагүй байх талтай юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж