Цаг хугацаа түүний ард биш, урд байна

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Цаг хугацаа түүний ард биш, урд байна

“News” агентлаг, “Ардын эрх” уламжлал ёсоор долоо дахь удаагаа “Оны хүн”-ийг нэрлэж байна.

2004 онд Монгол Улсын Ерөнхий сайд Цахиагийн Элбэгдорж,
2005 онд Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж
2006 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд
2007 онд Японы мэргэжлийн сумогийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргал
2008 онд Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл,
2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нарын эрхмүүд “Оны хүн”-ээр тодорч байв.  Харин энэ удаа  2010 оны “Оны хүн”-ээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, МАН-ын дарга Сүхбаатарын Батболдыг нэрлэж байна.

Шилдэг, тэргүүний гэхээсээ илүү хэлсэн үг,  хийсэн үйлдэл нь жилийн турш анхаарлын төвд байж, олныг шуугиулсан эрхмийг “Оны хүн”-ээр нэрлэдэг уламжлалын дагуу МАХН-ын нэрийг сольж, Тавантолгойн “гэрээг үзэглэсэн” Ерөнхий сайд “Оны хүн” боллоо.  

Энэ эрхмийг анх МАХН-ын дарга С.Баяраас Ерөнхий сайдын албан тушаалыг, танхимынх нь хамт өвлөн авахад олон хүн “С.Баярын хүүхэлдэй” хэмээн үл итгэгчийн нүдээр харж байлаа. Улстөрчийн хувьд өөрийгөө хүчтэй илэрхийлээд байдаггүй, намынхаа лидерүүдийг бодвол илүү дундаж байр суурь баримталдаг, сөргөлдөөнд төдийлөн оролцдоггүй зэрэг нь ийнхүү эргэлзээ төрүүлэхэд хүргэсэн биз. Яг үнэндээ С.Баяр МАХН-ын Их хурал дээр түүнийг хөтөлж ирээд “Энэ бол манай намын дараагийн дарга, миний халааг авах хүн” гэж хэлэх хүртэл С.Батболд гэдэг хүн улс төрд “битүү морь” хэвээр байлаа. Түүнийг Н.Энхбаярын хаанчлалын үед МАХН-д шинээр орж ирсэн, “Чингис” зочид буудлын эзэн гэдгээс илүү тодотгох зүйл олон нийтийн хувьд төдийлөн харагдаагүй юм. Хэдийгээр энэ хугацаанд тэрбээр Гадаад хэргийн дэд сайд, сайд, Үйлдвэр худалдааны сайдын албан тушаалыг хашиж амжаад байсан ч улстөрчийн хувьд өөрийн имижийг тод томруунаар гаргаж ирж чадаагүй гэж болно. Гэвч “цол дагаж бяр” гэдэгчлэн сүүлийн жил гаруйн хугацаанд өөрийгөө хангалттай хэмжээнд харуулсан. Энэ л хүний өнгөн дээр 90 жилийн түүхтэй МАХН нэр болоод имижээ сольж, хувьсгалт үзэл суртлаас татгалзан орчин үеийн улс төрийн нам болох зохион байгуулалтад орж эхлэв. Хэдийгээр энэ нь бүрэн төгс хийгдсэн гэж үзэхэд хангалтгүй ч гэсэн. Олон хүн МАХН-ыг зөвхөн нэрээ сольсон төдий биш, шинэчлэн зохион байгуулагдаж буй улс төрийн хүчин гэж үзэж байна.

Монголын гүйцэтгэх засаглалын тэргүүнээр анх удаа бизнесийн цагаан толгой үзсэн хүн томилогдсон нь С.Батболд. Тиймээс ч Ерөнхий сайдын суудлыг авсан даруйдаа санхүүгийн зах зээлийг монголчуудад ойлгуулна хэмээн мэдэгдсэн билээ. Ерөнхий сайд С.Батболдын Засгийн газар Монголд уул уурхайн хоёр дахь том төслийг хэрэгжүүлэхээр Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ-аар батлуулаад байна. Уг ордын нийт нөөцийн 10 хувийг Монгол Улсын бүх иргэдийн нэр дээр хувьцаа болгон эзэмшүүлэх, 10 хувийг дотоодын аж ахуй нэгжүүдэд арилжаалж, үлдсэн хувийг олон улсын бирж дээр нээлттэй хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох шийдвэрийг Засгийн газар УИХ-аар батлуулсан. Энэ хэрээрээ ч хамгийн их шүүмжлэл дагуулж, сайн муу үг дуулж яваа хүн бол Ерөнхий сайд С.Батболд. Учир нь Засгийн газар аливаа асуудлаар шийдвэр гаргасан тохиолдолд үүрэх хариуцлагын 50 хувийг Ерөнхий сайд дангаараа хүлээдэг.

Урьд нь өмнө монголчууд олон Ерөнхий сайдын нүүр үзсэн ч, Засгийн газрыг толгойлж байсан тэдгээр нөхдийн дотор түүн шиг баялаг бүтээх салбар, бодит секторт ажиллаж байсан нь үгүй. Бүгд л улстөрчид байв. Харин 26 дахь Ерөнхий сайд Монголын анхны хөрөнгөтнүүдийн нэг, өөрийнхөөрөө баялгийг бүтээж, өөрийгөө бий болгосон хүн.

Үнэн хэрэгтээ Ерөнхий сайдын албө улстөрчийнхөөс гадна, улс орны эдийн засагчийн ур ухаан шаарддаг. Монголын 2,7 сая хүний хоолтой хоолгүй, ажилтай ажилгүй явах нь Ерөнхий сайд, түүний тэргүүлсэн Засгийн газраас ихээхэн шалтгаалдаг. Тиймээс түүний бизнесийн салбарт олсон хувийн амжилт нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад ямар нэг хэмжээгээр нөлөөгөө үзүүлнэ хэмээн монголчууд найдаж буй. Энэ найдлага биелэх эсэх нь ирэх жилүүдэд түүний баримтлах байр суурь, хийх ажлаас илүү шалтгаалах юм. Цаг хугацаа түүний ард биш, урд нь байна.

"NEWS" агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж