Хоёр парламентын нүүр үзэж буй 300 сая ам.долларын зээл

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Хоёр парламентын нүүр үзэж буй 300 сая ам.долларын зээл

-Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хооронд анх 2005 онд байгуулсан 300 сая ам долларын хөнгөлөлттэй зээл авах гэрээний дагуу Монгол Улсын тал таван төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Үүнд:

-Баруун бүсийн авто зам хөтөлбөр
-Замын-Үүдийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөр
-Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэх төсөл хөтөлбөр,
-Орон сууцны хороолол дэд бүтэц төсөл хөтөлбөр,
-Мэдээлэл харилцаа холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэл төсөл хөтөлбөр боловсруулан БНХАУ-ын талтай харилцан тохирсон аж. Гэтэл Мэдээлэл харилцаа холбооны нэгдсэн шинэчлэл төсөл хөтөлбөр нь манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц байна гэж ҮАБЗ үзээд өөр чиглэлээр дахин боловсруулах үүрэг Сангийн яаманд өгсөн байна. Үүний дагуу холбогдох газрууд хамтран “Шинэ зууны боловсрол, Цахим эрүүл мэнд, Жижиг оврын трактор” зэрэг төсөл хөтөлбөр боловсруулсан байна. Шинэчлэн боловсруулсан дээрх  гурван төсөл хөтөлбөрийг байнгын хорооны хурлаар танилцуулж, БНХАУ-ын талтай гэрээ хэлэлцээр хийсний дараа БНХАУ-ын тал зээл олгох асуудлыг шийднэ. Ингэснээр манай улсын Засгийн  газарт 40 сая ам долларын хөнгөлөлттэй зээл нэмж өгөх гэнэ. Д.Тэрбишдагва гишүүн БНХАУ-аас авах 300 сая ам долларын зээлийн тухай асуудал нь бараг долоон жил хэлэлцэж хоёр парламентын нүүр үзэж байна гэж шүүмжилж байв.

Эдгээр асуудлыг Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо 2010 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хамтарсан хуралдаанаараа хэлэлцэв. Гэтэл БНХАУ-тай өмнө нь харилцан тохиролцсоны дагуу ерөнхий гэрээ танилцуулж зээл авах хүчин төгөлдөр хугацаа нь мөн энэ өдрөөр дуусгавар болж байгаа аж. Яагаад хугацааг ийн тулгаж хэлэлцэж байгаа талаар УИХ-ын гишүүд Сангийн сайд С.Баярцогтоос асуусан боловч тодорхой хариулт хэлсэнгүй. Харин УИХ-ын гишүүн Р.Буд “16 цаг өнгөрч байхад асуудлыг хэлэлцэж байна. Гэтэл хугацаа нь өнөөдөр дуусч байна, асуудлыг шийдэж амжих уу гэж С.Баярцогт сайдаас ам авмаар байна” гэж тулгав. Харин хариуд нь С.Баярцогт сайд “Би ам өчиг өгч чадахгүй. БНХАУ-тай хэлэлцээр хийж байж шийдэх юм. Харин 40 сая ам.доллараа юунд зарцуулах тухай  өнөөдөр БНХАУ-ын талд мэдэгдэнэ” гэж хариулсан. Энэхүү мөнгийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн 380 гаруй сургуулийн багш нарт зөөврийн компютер олгох болон зөөврийн трактор авахад зарцуулах гэнэ.

Үүнд УИХ-ын гишүүд З.Энхболд дээд тал нь хоёр жилийн настай байдаг зөөврийн компютерт хөрөнгө зарцуулах нүдээ олоогүй ажил гэж шүүмжлэв. Нөгөөтэйгүүр жижиг оврын трактор нь зөвхөн хадлан авахад  хэрэглэгддэг, амархан эвдэрдэг муу техник гэсэн шүүмжлэл дагуулж байсан юм. Харин цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд бүх эмнэлгүүд цахим хэлбэрээр холбогдон хөдөө орон нутагт оршин сууж буй иргэд цахим хэлбэрээр үзлэг онош тогтоолгох боломж нээгдэх гэнэ. Харин Шинэ зууны боловсрол, Цахим эрүүл мэнд хөтөлбөр нь дундаа нэг сүлжээний хэрэгсэлтэй байх аж. Энэ мэтээр гурван асуудлаа харилцан шүүмжилсээр гишүүд яаран тарж одлоо.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж