Буудалцааны талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Буудалцааны талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт  өнгөрөгч сарын 30-нд таксины жолоочийг буудаж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан бол өнгөрөгч сарын 27-ны орой Баян-Өлгий аймагт буун дуу гарсан гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн хэлснээр тус аймгийн Шуудан холбооны газрын  дарга болон бусад удирдах албан тушаалтнуудын дунд нам, улс төрийн маргаан үүссэнээс буу шийдэмдээ хүрсэн бололтой.  Буун дуу гаргасан хүмүүсийн дунд   аймгийн ИТХ-ын төлөөлөгч МАН-ын бүлгийн даргын алба хашдаг нэгэн байсан аж. Энэ талаар тодруулахаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавалтай  утсаар холбогдлоо.

-Танай аймагт буун дуу гарсан гэх мэдээлэл байна. Яг юу болсон юм бэ?

-Манай аймгийн ард түмэн эв найрамдалтай, бие биеэ буудаж хөнөөх улс биш.  Биднийг хооронд нь хагаралдуулах гэсэн хэсэг хүмүүсийн худал  мэдээлэл байж болох юм.

-Нэр бүхий албан тушаалтнууд намаараа талцан маргалдсанаас буун дуун гарсан гэх юм?

-Баян-Өлгий аймаг бол өвөрмөц онцлог, соёл зан заншилтай бүс нутаг. Ард түмэн нь  бие биеэ хүндэлдэг, сайхан уламжлалтай. Буудалцаан болсон гэдгийг би мэдээгүй. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй  гэсэн юм.
Мөн бид тус аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Бахиттай холбогдлоо.

-Танай аймагт  буун дуун гарсан гэх мэдээллийг тодруулах гэсэн юм. Хүн шархтаж гэмтсэн юм биш биз?

-Прокурорын зөвшөөрөлгүй ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Саяхан тийм журам гарсан юм.

-Танай аймгийн Иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга бусадтай маргалдаж буу шийдэмдээ тулсан гэх мэдээлэл манайд ирсэн юм. Энэ үндэслэлтэй мэдээлэл мөн үү ?

-Хэргийн тухай мэдээлэл өгөх эрх надад байхгүй. Аймгийн Прокурорын газрын  даргаас мэдээлэл авч болно гэв.

Харин Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын дарга Х.Жанибек  “Буудалцсан талаарх мэдээллийг  тодруулсны дараа өгье” гэлээ. Одоогоор буун  дуу гарсны улмаас хүний амь нас эрсэдсэн эсэх нь тодорхойгүй байна. Тус аймгийн эрх бүхий албан тушаалтнууд дээрх мэдээллийг нууцалж байгаа бололтой.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж