В.А.Моцартын сүүлчийн бүтээл “Увидаст лимбэ” дуурь

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

В.А.Моцартын сүүлчийн бүтээл “Увидаст лимбэ” дуурь

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид шинэ оны үзвэрээ Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увидаст лимбэ” дууриар нээх гэж байна. Хөгжмийн зохиолч В.А.Моцартын мэндэлсний 255 жилийн ой ирэх онд тохиож байгаа учир театрын уран бүтээлчид энэ дууриар нээж байгаа гэнэ. Ийм учир Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн хатагтай ХБНГУ-аас нэрт удирдаач Феликс Хелмоныг урьжээ. Тэрбээр өнөөдөр манай улсад ирсэн бөгөөд энэ сарын 8-нд тоглох В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн симфони найрал хөгжмийг удирдах юм.

Амьдралынхаа туршид нийт 22 дуурь бичсэн суут хөгжмийн зохиолчийн хамгийн сүүлийн бүтээл болох энэхүү дуурийн анх 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Венн хотод тоглож байжээ. Түүнээс хойш 200 орчим жилийн дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд манай Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх энэхүү дуурийг тоглож байсан аж.

Венн хотын театрт болсон анхны тоглолт дээр суут хөгжмийн зохиолч өөрөө оркестороо удирдсан гэдэг. Түүнээс хойш яг гурван сарын дараа буюу 1791 оны арванхоёрдугаар сарын 30-нд Моцарт таалал төгссөн байна.  

Энэхүү дуурийн хоёрдугаар бүлэг дээр Харанхуйн хатан хааны дуулдаг “Тамын өшөө хорсол зүрхэнд минь буцалж байна” ари нь энэ дуурийн хамгийн хүнд аринд тооцогддог. Хоолойны өргөн цар хүрээ, хүч чадал шаарддаг энэ ариг дуулахад дуучны хоолой хагийн дээд өнгө буюу F6 өнгөнд хүрдэг байна. Тиймээс дуурийн энэхүү ариг дуурийн урлагийн хамгийн хүнд арин тооцдог аж. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид дунд Ардын жүжигчин Б.Жавзандулам Харанхуйн хатны ариг хамгийн чадварлаг дуулдаг гэдэг. Тэрбээр энэ сарын 8-нд тоглох “Увидаст лимбэ” дуурьд Харанхуйн хатны дүрд тоглох бөгөөд түүний охинд Ө.Уянга тоглох гэнэ.

Герман хэл дээр бичигдсэн энэхүү дуурь харилцан яриа ихтэй, драмчилсан дуурь юм. Тиймээс дуучдаас жүжиглэх ур чадвар, их шаарддаг хүнд дууриудын нэг аж. Энэ дуурийн бас нэгэн үзэгчдийн хайртай дүр бол шувуу агнаач Папагено байдаг. Папагенод соёлын тэргүүний ажилтан, дуурийн гоцлооч Ц.Баттөр гайхалтайн сайн тоглодог бөгөөд энэ дүрээрээ дуурийн урлагт хайртай үзэгчдийн танил болсон юм. Дашрамд дуулгахад суут хөгжмийн зохиолчын хүн төрөлхтөнд бэлэглэсэн сүүлчийн бэлэг болох “Увидаст лимбэ” дуурь нь энэ жил дахин тоглогдохгүй юм байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж