Монголын жүдогийн холбоо шилдгүүдээ шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Монголын жүдогийн холбоо шилдгүүдээ шалгарууллаа

Улиран одож буй оны ажил, амжилт бүтээлээ дүгнэж, ирэх жилийн ажлаа төлөвлөж, шилдгүүдээ шалгаруулах шинэ жилийн баярын арга хэмжээгээ Монголын жүдо бөхийн холбоо зохион байгуулжээ. Шинэ жилийн баярын арга хэмжээнд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга оролцож, өнгөрсөн онд үзүүлсэн амжилтаараа ирээдүйтэй сайн тамирчин болохоо харуулсан 10 залуу тамирчинд өөрийн нэрэмжит шагналаа гардуулсан юм.

Монголын жүдо бөхийн холбооны оны шилдэг тамирчнаар Х.Цагаанбаатар. М.Бундмаа нар шалгарчээ. Х.Цагаанбаатар өнгөрсөн онд ДАШТ-ий хүрэл, “Дэлхийн цом”-ын хошой алт, “Их дуулга” тэмцээний аварга, Японд болсон гран-при тэмцээний хүрэл медаль хүртжээ. Харин М.Бундмаагийн хувьд ДАШТ-ий хүрэл, “Дэлхийн цом”-ын хошой алт, Азийн наадмын мөнгө, “Чингис хаан” дэлхийн цомын мөнгөн медаль хүртсэн амжилтаараа шилдэг тамирчнаар шалгарсан байна. Монголын жүдо бөхийн холбооны шилдэг дасгалжуулагчаар “Хангарьд” спорт хорооны дасгалжуулагч Ш.Бат-Орших, Өвөрхангай аймгийн спорт хорооны дасгалжуулагч Ч.Очир нар шалгарчээ. Шилдэг салбар зөвлөлөөр Спортын зөвлөл, шилдэг салбар холбоогоор Дархан-Уул аймгийн жүдогийн холбоо, шилдэг ахмад тамирчнаар О.Нарангэрэл, шилдэг ажилтнаар З.Мөнхзул, шилдэг шүүгчээр олон улсын А зэрэглэлийн шүүгч Д.Энхтүвшин, шилдэг дэд ерөнхийлөгчөөр Д.Дагвадорж нар шалгарсан байна. Харин Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар Д.Төмөрхүлэг, Ц.Нарангэрэл нарын 10 залуу тамирчин шагнуулж, нэг сая төгрөг, дурсгалын зүйлс гардаж авсан юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж