Улстөрчид аливаа баяр ёслолыг тааруулан эгзэгтэй асуудлыг тулгаж баталдаг нь гэм биш зан. Шинэ жил, цагаан сар, улсын наадмын үеэр бүх нийтээр баярлаж цэнгэж буйг далимдуулан сонгогчдоо хуурдаг заншил төрийн түшээдэд тогтоод уджээ. Бас зуны дэлгэр цагаар, ихэнх хүн амарч, алжаалаа тайлж байх зуур гэрэл, цахилгаан, дулааны үнийг өсгөдөг муу зуршилтай. Намар болж сэхээ ороход аль хэдийнэ хамаг үйлчилгээний үнэ өөдөө сүнгэнэчихсэн байх жишээтэй. 2003 оны шинэ жилээр Оросын их өрийг тэглэлээ хэмээн хуурч, сонгуулиар амласан 1,5 сая төгрөгөө өнгөрсөн цагаан сараар 70 мянга болтол буулган хөгшид, хүүхдийг молигодсон гээд тоочоод барахгүй жагсаалт хөвөрнө.
“Юу хатавч…” гэгчээр энэ шинэ жилийн хөөр хөгжөөний сиймхийгээр эрхэм төрийн түшээд бас л сурсан аргаа хэрэглэх бололтой. Сонин хэвлэлүүдийн гаралт цөөрч, баярлаж хөөрсөн хүмүүс ч мэдээлэл сонирхох нь багасч сатаараад ирэхээр нөгөө мэхээ хийлгүй хаачих вэ. Хамгийн түрүүчийнх нь гэвэл УИХ-ын эрхэм гишүүд өөрсдийн морилох ордныг нийслэлд үлдсэн цорын ганц томоохон ногоон байгууламж болох Төрийн ордны арын цэцэрлэгийг нураан байгуулах ажлаа яриад эхэллээ. УИХ дахь Ногоон бүлгийнхэн, нийслэлийн иргэд эсэргүүцээд ч тусыг эс олов бололтой. Төрийн ордны дэргэдэх хуучин хэвлэх үйлдвэрийн балгасыг нураан Парламентын ордон барих санал оруулахад тэр балгасын “эзэн савдаг” олдоогүй юм гэсэн. Дураараа шийдвэр гаргалаа гэхэд “савдаг хилэгнэнэ” хэмээн жийрхдэг янзтай. Уг нь ордноос холгүйхэн орших Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нураахаар цэнхэр хашаагаар тойруулаад бэлэн болгочихож. Гэвч тэр нь Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдлийн газар учир өгөхгүй гэжээ. Ингээд л утаандаа хордож гүйцсэн нийслэлийн сүүлчийн ганц цэцэрлэгийг нурааж Парламентын ордон барих ганц боломж үлдсэн гэнэ. Тавь, жаран жил ургуулж өдийг хүргэсэн моддыг нь хөндөхгүй юм гэсэн. Түүн шиг худлаа зүйл ховор байлгүй дээ. УИХ-ын гишүүд л суух тансаг харштай болж байвал уушгигүй хоцроод утаандаа хахах нийслэлийн сонгогчид хамаагүй болж л дээ. Тиймдээ ч Хүний хөгжлийн сангаас олгох мөнгөнөөс эрүүл мэндийн даатгалдаа хэрэглээрэй гээд байгаа юм байлгүй.
Тавантолгойн ашиглалтын гэрээ байгуулах зөвшөөрлийг Засгийн газарт олгох гэж бас нэг нүсэр ажлыг шинэ жилээр амжуулж тун болзошгүй байна. Тавантолгойн галт тэргийг хөдөлгөхөөр аль эрт маневраа хийн зам дээр нь тавьчихсан болохоор оргилуун дарсны бөглөө мултлах агшинтай зэрэгцүүлэн дохио хангинуулж, аянд мордуулж болохыг үгүйсгэмгүй. Ямар хөнгөн хуумгай гэрээ хийхийг сонгогчид таашгүй.
Аль дээр хаврын чуулганаар хэлэлцэж байгаад “авдрын ёроол руу” чулуудчихсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг чимээ гаргалгүй дарж байгаад оны сүүлийн өдрүүдэд хэлэлцэж болзошгүй байна. Хууртаж дуусдаггүй гэнэхэн сонгогчдоо сүлд мод тойрон бүжиглэж байхад УИХ-ын гишүүд сонгуулийн тогтолцоогоо тохироод авч магадгүй нь. Долоо хэмжиж нэг огтлох гэж байгаа хэмээн хойш тавьсан сонгуулийн тогтолцоог хуучин хэвээр нь баталчихаад сууж байвал гайхах зүйл алга. “Шинэ оныг хуучин тогтолцоогоороо л угтаа биз” гээд инээж суухдаа ядах юмгүй төлөв байдал Төрийн ордонд дуулдаад буй. Тэгвэл 2012 оны сонгууль өмнөхөөс ялгаагүй өнгө, мөнгө, луйврынх болно гэж мөрийцөхөд алдах юмгүй болох биз ээ.
Үндсэн хуулийн Цэцэд тавын таван суудал онгойж байгаа нь улстөрчдийн царан дээрх амтат бялуу болоод байна. Өөр өөрсдийн талын хүнийг ээлжит хоолонд нь хүргэхээр нам болгон мэрийж таарна. Энэ “найруулга” мөн л оргилуун дарсны хөөс, хотол бялууны амт, сүлд модны гэрэл чимэглэлтэй өнгө хоршин баярын ширээний ард болох нь ойлгомжтой.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн өөрийн харьяа гурван байнгын хорооны даргын сонгуулийг хийж чадалгүй шинэ оныг үзэх гэж байна. Жил жилийн шинэ оны баярын босгон дээр болдог энэ сонгуулийг анх удаа ийнхүү жил алгасуулах болсны шалтгааныг “Ирц дутуу, потенциалтай гишүүд гадаадад явж буй” гэсэн тайлбараар халхалж байгаа. Энэ нь бас л сүлд модны наадмын “хачиртай” сонгууль болохын шинж гэж хэлж болно. Байнгын хорооны дарга гэдэг хэрдээ “хөөрхөн” эрх мэдэлтэй алба болохоор “генералын мөрдэс” халаасалсан гишүүдийнхээ амбицад хөтлөгдөн ийнхүү жил дамнасан сонгууль болгон сунжруулсан гэхэд хилсдэхгүй.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нар хамтарсан Засгийн газраас тоосго сугалах бэлтгэлийг шинэ жилийн уур амьсгал ид орсон энэ өдрүүдэд хийчихлээ. Шинэ оны эхний өдрүүдэд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг сэнтийгээс нь хөдөлгөх эсэхийг УИХ-аар шийдэх учиртай болчихов. Хамтарсан Засгийн газрыг хөлдөө чирэхгүй байхыг УИХ-ын дарга ч, Засгийн газрын Ерөнхий сайд ч эрхэм гишүүн Ц.Батбаяраас зөндөө учирлан гуйсан ч нийслэлийн экс мэр эрхэм гишүүн зөрүүдэлсээр хэлсэндээ хүрч сайдыг огцруулах бичиг өргөн барьж орхисон.
Шинэ оны анхны өдрөөс нийтийн тээврийн том оврын автобусны зорчих тасалбарын үнийг нэмэх янзтай чимээ дуулдаад явчихлаа. Микробус, такси, ер нь дөрвөн дугуйтай бүхний хөдлөх үнэ дагаад нэмэгдэнэ гэдэгт тайлбар хэрэггүй биз. Машин унаагаар бараагаа татдаг юм хойно идэш, ууш, бараа таваарын үнэ ч дээшээ болно.
Иймэрхүү нүргээнтэйгээр улстөрчид шинэ оны баяраа угтаж байна. 2011 оноо угтаад эргээд хартал шинэ оны сиймхийгээр юу юу болоод өнгөрсөн байхыг сонгогч бид харах л үлдлээ.
2010 оны 12 сарын 29