Уншигч танд шинэ оны мэнд хүргэе

Хуучирсан мэдээ: 2011.01.01-нд нийтлэгдсэн

Уншигч танд шинэ оны мэнд хүргэе

Эрхэм уншигч, хэрэглэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

Өглөөнөөс үдэш хүртэл  www.news.mn сайтад зочилж, бидний үйлдвэрлэсэн мэдээллийн “талх”-ыг амтархан хүртдэг хэрэглэгч та бүхэн NEWS агентлагийн хамгийн үнэнч анд, хэрэглэгч, шүүмжлэгч, бидний ажиллаж байгаагийн утга учир байдаг билээ.

Мэдээллийн www.news.mn сайт онлайн мэдээллийн зах зээлд өөрийн шинэ өнгө төрхийг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээсээ хойш жил бүр хамгийн содон өөрчлөлтөөр уншигчдадаа бэлэг барихыг зорьж ирсэн.

2010 онд бид www.news.mn сайтынхаа өнгө төрхийг шинэчилж, салбар сайтуудаа өргөжүүлэх зорилгоо амжилттай биелүүллээ. Өдгөө хэрэглэгч та бүхэн www.news.mn сайтын 17 салбар сайтаас хүссэн салбарынхаа мэдээллийг авч байна.

2010 оны эхээр бид улс төр, урлаг, спорт, эдийн засаг гэхчлэн голлох сэдвүүдийн дэд сайтуудтай болж, хэрэглэгч өөрийн хүссэн мэдээллээ нэг дороос хүлээн авах өөрчлөлт хийсэн бол өнгөрсөн намраас манай сайт News Prime, News Lifestyle хэмээх нүүр хуудасны хоёр сонголттой болсон нь мэдээллийн сайтуудын хувьд анхдагч болж чадсан юм. Хэрэглэгч та News Prime нүүр хуудаснаас улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал, спортын мэдээллийг унших боломжтой бол News Lifestyle хуудаснаас Урлаг, Технологи, Гэр бүл, Шар мэдээллийн багцыг сонгон хүлээж авдаг.

2010 онд www.news.mn сайт дэлхийн томоохон мэдээллийн сайтуудын анхаарлаа хандуулдаг ireport салбар сайтыг нээж, www.news.mn сайтын уншигч, хэрэглэгчдэдээ өөрсдөө бичигч, мэдээлэгч байх боломжийг нээн өгсөн нь мөн л шинэ туршилт байлаа. www.ireport.mn сайт гурван сарын хугацаанд 700 орчим гишүүнтэй болж, дэлхийн өнцөг булан бүрээс манай сайтын уншигчид мэдээллээ хуваалцаж байна.

Орон нутгийн мэдээллийн салбар сайт local.news.mn, Монголд зарлагдаж байгаа тендерийн зарын мэдээллийн нэгдсэн сайт болох tender.news.mn сайтын үйлчилгээг бид оны сүүлээр нээн, амжилттай ажиллуулж байна. Мөн бид сайтынхаа мянга, мянган үйлчлүүлэгч залуустаа зориулж, www.news.mn-ийн facebook, twitter хуудсыг арваннэгдүгээр сараас нээлээ. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг, цахим нийгмийн идэвхтэй гишүүд маань манай facebook, twitter дэх хуудсаар зочлон, шинэ мэдээ, мэдээллээс хоцрохгүй байдаг гэдэгт итгэлтэй байна.

Бидний 2010 онд гаргасан амжилт үүгээр дуусахгүй.  Монголын хэвлэл, мэдээллийн зах зээлд “Ардын эрх” сониноор танил болж, мэдээллийн эх сурвалж www.news.mn сайтаар уншигч, хэрэглэгчдийнхээ хүрээг тэлсэн манай хамт олон 2010 онд бүтцийн өөрчлөлт хийн, мэдээллийн “NEWS” агентлаг болон өргөжсөн нь бидний хувьд онцлох үйл явдал байлаа. Өдөр тутмын сонин, 24 цагийн үйл ажиллагаатай мэдээллийн сайт эрхлэн гаргаж байгаа, сэтгүүл зүйн “хос морь”-той манай хамт олон энэ онд илүү том зорилго тавьж, уншигч, хэрэглэгч та бүхэндээ мэдээллийн цогц үйлчилгээг хүргэх их ажлын гараагаа үргэлжлүүлэхээр өнөөдрөөс шинэ өдрийн ажилдаа орж байна.

Мэдээллийн үнэт зүйлийг эрхэмлэгч нийт хэрэглэгчдэдээ, www.baabar.mn сайтын нийтлэлчиддээ, www.ireport.mn сайтын гишүүддээ, facebook-ын найзууддаа, бизнесийн түнш, харилцагч байгууллагын хамт олондоо, www.news.mn сайтын нийт зочиддоо шинэ оны найрсаг, чин сэтгэлийн мэндчилгээг хүргэе.

Та бүхэнд 2011 он амжилт, аз жаргалын дээдийг авчрах болтугай.

“NEWS” агентлагийн хамт олон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж