
Америкийн Бёркли, Стэнфортын их сургуулиуд дээр Монголын соёлын өдрүүдийг маргаашнаас энэ сарын 4-ний өдрийг хүртэл зохион байгуулах гэнэ. Тус улсад төдийгүй дэлхийд алдартай дээрхи их сургуулиудад Монголын түүх, урлаг соёл, шашин, хөгжмийн урлаг, уран зураг зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ үеэр Ардын урлагийн “Бөртэ“ хамтлагийн тоглолт, хөгжимчин Н.Сэнгэдоржийн гоцлол тоглолтыг сонирхуулахаас гадна Хөгжмийн зохиолч Б.Шаравын морин хуурын чуулгад зориулан бичсэн концертыг Сиатл хотод суугаа морин хуурч Ч.Уртнасан Стенфортын их сургуулийн симфони оркесторын хамт тоглох аж. Нэр хүндтэй хоёр их сургуулиудад Монголын соёл урлагийг танилцуулах ажлыг Стэнфортын Хөгжмийн танхим, Зүүн Азийн хэл, соёлыг судлах тэнхим болон Бёрклигийн Зүүн Азийг судлах хүрээлэнгийн Монгол Хөтөлбөрөөс санаачлан зохион байгуулж байгаа юм.
Н.Түвшин