Олимп, дэлхийн аваргууд “Өвлийн өвгөн” болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.01-нд нийтлэгдсэн

Олимп, дэлхийн аваргууд “Өвлийн өвгөн” болжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Олимп, дэлхийн аваргууд шинэ оны босгон дээр өвлийн өвгөн болж, хүүхэд багачуудыг баярлуулжээ. Сонирхолтой байгаа биз. Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын ард түмний бахархал болсон тамирчид “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагаа байгуулан, нийгмийн сайн сайхан үйл, спортын хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа билээ. Ирээдүйд эх орныхоо эзэн болох хүүхэд багачуудыг зөв сэтгэхүй, зөв хүмүүжил, мэдлэгтэй болон хүмүүжихэд өөрсдөөс шалтгаалах тус дэм байвал хүргэхийг зорьдог хэмээн аваргууд нэгэнтээ ярьж байсан удаатай. Тэдний энэ сайхан сэтгэлийн илрэл нь UBS телевизийн “Гэртээ харих замд” нэвтрүүлгийн эзэд болох бяцхан багачуудад хандсан ажлууд юм. Аав, ээжээсээ өнчирч хоцорсон, ар гэрээсээ дайжиж зугтсан энэ хүүхдүүдийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлсэн “Хөгжим хүүхдийн хөгжилд” төслийн хүрээнд нэгэн ам бүл болгон, амьдралын зөв замд нь залж байгааг уншигч та “Гэртээ харих замд” нэвтрүүлгийн дугаар бүрээс ухаж ойлгосон биз ээ.

    Авьяаслаг, бүхний хайрыг татсан ч амьдралын аз жаргалаар дутаж өссөн хүүхдүүдтэй “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ын гурван тамирчин өнгөрсөн аравдугаар сард анх уулзаж байсан юм. Өөрсдийнхөө эгэл даруу бага насны амьдрал, спортын сайн тамирчин байхын, зорилготой сайн хүн байхын утга учраас бяцхан багачуудтай хуваалцсан чин сэтгэлийн уулзалт хүүхдүүдэд маш их урам зориг өгч байлаа. Тэр үед “Гэртээ харих замд” нэвтрүүлгийн 45 хүүхэд дунд “Өвлийн өвгөнөөс бэлэг авч үзсэн хүүхэд байна уу” гэж асуухад “Тийм” гэж хэлэх нэг ч хүүхэд байгаагүй юм. Тиймээс хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр, өвлийн өвгөнөөс бэлэг авах гэж яарах тэр сэтгэлийн хөдлөлийг мэдэрч чадаагүй багачуудыг олимп, дэлхийн аваргууд шинэ жилээр баярлуулахаар  UBS телевизийн “Гэртээ харих замд” нэвтрүүлгийн хамт олонд амласны дагуу шинэ оны босгон дээр дүү нараа баярлуулжээ.

    Олимпийн аваргууд ямар өвөө болсон бол… Хүүхдүүд ямар их баярласан бол?

    Энэ тухай сонирхолтой нэвтрүүлгийг та бүхэн өнөөдөр 17.50 цагаас UBS телевизийн “Гэртээ харих замд” нэвтрүүлгийн тусгай дугаараас үзэж сонирхоорой.

    Б.Баясах

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж