Цагийн зүү, зүрхний цохилт

Хуучирсан мэдээ: 2010.12.31-нд нийтлэгдсэн

Цагийн зүү, зүрхний цохилт

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Олон
    өнгө сүлэлдсэн орчлон ертөнцийн аяг аашинд хүний сэтгэл хайраар л дутаж
    явдаг. Хатуу зөөлөн хосолсон амьдралын нугачаанд халгаж бүдэрч, босч,
    сэхэж явахдаа хүний сэтгэл хайраар л дутаж явдаг. Хааяадаа ганцаардаж,
    хэн нэгэнд гомдож бас гомдоож явсан сэтгэлийн үрчлээсэнд гагц хайраар л
    дутаж явдаг.

    …Өвөл, зөөлөн хэрнээ ялдамхан үнэр шингэсэн цасан
    дунд чамтайгаа хамт алхах сайхан. Удаан хүлээсэн сэтгэлийг минь аргадаж
    зөөллөх мэт цасан ширхэг бид хоёр дээр будран бууна. Үсийг минь бүрхэж,
    нүд рүү унаад ус болон хайлан урсахдаа сэтгэлийн ган тайлах мэт.
    Тэнгэрийн үүлнээс тасарсан мөнгөн ширхэг, тэр чигээрээ хувцас болон бүх л
    биеийг хучина.

    Харин бид хоёр чив чимээгүй хөтлөлцөн алхална.
    Хааяадаа бие бие рүүгээ инээмсэглэн харах харцанд, цасан ширхэг нулимс
    болон бөнжигнөнө. Хөл доор минь цасан ширхэгүүд хөгжилтэйеэ шарчигнаж, 
    хаана гишгэхийг минь тааж ядан, тохуурхан бүжих мэт.

    Зарим цагт
    цасан ширхэгийг цааргалах атал, гагц өнөөдөр л энэ цаснаас цэрвэж үл
    чадна. Ирж яваа цагийн үнэр шингэсэн цасыг ингэтлээ хүлээснийх, ингээд
    чамайгаа ирнэ гэж санаагүйнх, энэ өдрийн цас хүлээсэн хайрыг минь
    дэвтээх мэт. Бидэн хоёр чив чимээгүй, хайрлаж итгэсэн , бас санасан
    сэтгэлээ харцаараа л бие биедээ шивнэнэ. Дутаж байсан хайрыг он солигдох
    мөчид будрах цас авчирдаггүй гэж үү. Одоо өөр юу хэрэгтэй гэж…

    …Анир
    чимээгүй харанхуйн дунд хайртай хүнийхээ гарыг атган дотно яриа
    өрнүүлэн галын дэргэд хамтад суух сайхан. Тэр тусмаа газар дээр. Мөр
    мөрөө түшин, гар гараа атгалцан чив чимээгүй суух тэр агшинд, зүрхнээс
    зүрхэнд хайр урсан шингэхийг анзаардаг. Чив чимээгүй энэ орчинд чи юу ч
    ярихгүй байхад би бүгдийг мэдэрнэ. Чиний надад хэлэхийг хүссэн, хайр
    энхрийлэл дүүрэн үгсийг чиний зүрх миний зүрхэнд дамжуулан шивнэдэг юм.
    Мөрөн дээр минь асгарсан чиний зөөлөн үс, хөдлөх тоолонд минь биед минь
    хүрч ирвэгнүүлэн, бас гижигдэж, тохуурхах мэт. Гарыг минь алгандаа
    атгасан чиний гарын илбээ, хайраа илчлэн шивнэх зүрхийг минь илбэх мэт.
    Хүсэл тачаал бүхнийг умартан, зөвхөн хайр энхрийллээр бие биенээ аргадан
    аргадах энэ мөчүүд хэдий болтол үргэжлэхийг чи бид хоёроос өөр хэн ч үл
    мэднэ. Яг энэ хоромд, бид хоёр бие биедээ ямар их хайртайгаа үгээр бус,
    зүрхээр мэдэрнэ. Хонх цохилон шинэ он солигдож байна. 

    Хааяа ч
    гэлээ ингэж суухад, сэтгэл минь хайраар дүүрч, энэ хорвоод хайрлах
    хайрлуулахын жаргалыг мэдэрдэг. Чамайгаа санаж үгүйлсэн мөч бүхэнд
    шаналж байсан сэтгэлийг энэ л мөч дэвтээнэ. Хүн бие биеэ чин сэтгэлээсээ
    хайрлаж байхад ямар их аз жаргалтай байдаг гээч.

    Харь нутагт
    монгол аргамжаа эвхэх мэт жил, сар, өдрийн урсгалд хааяадаа амсxийж,
    бодол хөглөх мөчид "нэг сайхан хайрлаж, хайрлуулах сан" гэж сэтгэлдээ
    сэмхэн хүснэ. Ганцаардлаар хучуулж, дэрээ жиндээн, нойр хулжих олон олон
    шөнийн уртад хайр энхрийллээр дутаж, мөрөөдөж, зүүдэлж "жаргана". Харин
    өглөө босоод ажилдаа явах мөчид, сэтгэл бяцxан гуниж, ханаагүй нойр,
    амсаагүй жаргалдаа харамсан байж жаахан мушилзана.

    Алжааж
    ядартлаа зүтгэсэн хөлс минь мөнгө болж алган дээр минь асгаравч, чин
    сэтгэлийн хайр үгүй. Алмаазан бөгж эвэршсэн хуруундаа зүүж, бусдад
    гайхуулавч сайхан харагдах нь үгүй. Бусадтай инээж ярьж, ууж наргивч
    жаргалтай  сайхнаар харагдах нь үгүй. Өнгө мөнгө, үнэт эдлэл, үнэтэй
    брендийн хувцсаар өөрийгөө хичнээн хучивч, чин сэтгэлийн хайр үгүй бол
    гэрэлтэж үл чадна бид.

    Үүлэн чөлөөний наран шиг энэхэн тавиланд,
    үдлээд л буцдаг энэ орчлонд, өнгө мөнгө, өөр юуны ч төлөө өдөр шөнөгүй
    зүтгэхдээ юуг олж, юуг алдаж орхино вэ, бид. Хайр хайж энэ орчлонд
    нүцгэн ирээд, хайраа аваад нүцгэн буцахдаа л хүн жаргаснаа
    мэдэрдэгАлдаснаа ухаар хэмээн алслан одож буй хуучин он дурсамж болон
    үлдлээ. Оносноо бататга хэмээн орчлон хорвоод шинэ он айсуй. .  Хүмүүсээ
    бие биенээ чин сэтгэлээсээ хайрла.

    Л.ТӨГС

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж